Шууд Chart

Ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ

2014-10-01 14:01:51

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Ахмадын баярын өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлжээ.
 

Мэндчилгээ

Хүндэт ахмадууд аа!  Дэлхий дахинаа “Хэнийг ч бүү орхигдуул. Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжицгээе”  уриан дор тэмдэглэж байгаа Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн бол Монгол улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж  ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс билээ.
 
Монгол улсын төр та бүхэнд ая тухтай, элбэг хангалуун, сэтгэл амар амьдрах боломжийг  бий болгох  үүргийг хүлээж ард иргэдээ эрүүл, ая тухтай орчинд, эдийн засгийн боломжтой амьдруулах хүрээнд үйл ажиллагаа, бодлогоо чиглүүлж байна.  Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр  болон 2013 оны 02 дугаар сард Дархан хотноо зохион байгуулсан “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас  “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулинд ахмад настныг хөгжүүлэх, ил далд ямар нэг хүчирхийллээс хамгаалах, асран хамгаалагч,  харгалзан дэмжигчийн эрх, үүргийг  тодорхой болгох чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна.
 
Ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор “Эрүүл насжилт- настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Монголын ахмад  мэргэжилтнүүдийн  Үндэсний  сүлжээ , бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг байгуулж,  ахмад мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөр”- ийг тус тус баталлаа. Хөтөлбөрт  хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, талуудын үүрэг оролцоо, хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн, хэрэгжилтийг тайлагнах, хяналт үнэлгээ хийх, санхүүжилт зэргийг тодорхойллоо.  Түүнчлэн Хүн амын асуудлаарх Үндэсний хорооноос “Монгол улсын Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг  2014-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг шинэчлэн боловсрууллаа.
 
Цаашид ахмад настны хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлж, бусдын асаргаа, дэмжлэг шаардлагатай настнуудад үйлчлэх бүсүүдийн төвүүдийг бий болгон бэхжүүлж ажиллах болно.
 
Настан буурлууд аа! Та бүхэндээ ажил, амьдралын арвин их мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлж,  энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

        МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
        УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
        ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН
        ХАМГААЛЛЫН САЙД                                     С.ЭРДЭНЭ
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 7132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй