Шууд Chart

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

2014-10-02 08:20:01

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсад өнөөгийн байдлаар үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр нийт 480 гаруй бодлогын баримт бичиг 1991–2013 оны хооронд баталсанаас 190 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна. Түүнчлэн хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл, тооцоо, судалгаа нь хангалттай түвшинд хийгдэж санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаагүй байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна. Иймд, нэн тэргүүнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн, хөгжлийн нэгдсэн зорилгод чиглүүлэн, хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангаж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын залгамж чанарыг хадгалах эрх зүйн орчинг бий болгох асуудал чухлаар тавигдаж байгаа гэдгийг хууль санаачлагч хэлж байна. Улс орны эдийн засгийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг орон даяар бий болгох, хүний хөгжлийг хангах болон ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад чиглэгдсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулах, хоорондын уялдааг хангах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн төслийг боловсруусан гэдгийг хууль санаачлагч УИХ-ын даргад дуулгалаа.
 
Мөн “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг өргөн барьсан юм. Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй