![](/uploads/201410/news/thumb/1d3233a070839962426bcbdf82be01b7_x3.jpg)
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан хэдий ч УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны эхэнд хэлэлцэх хоёр асуудал байгааг зарлалаа.
УИХ-ын даргын мэдэгдсэнээр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгээ албан мэдэгдсэн ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байсан юм. Харин Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх асуудлыг ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулаад саналтай гишүүд байгаа эсэхийг лавлахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр манай бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барьсан, өнөөдрийг хүртэл 120 гаруй хоног өнгөрөөд байхад энэ асуудлыг удаа дараа хэлэлцэлгүй буцааж байна. Уг асуудлыг яаралтай хэлэлцмээр байна” гэсэн юм. Харин УИХ-ын дарга Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудал бол завсарлага аваад хэлэлцэх журмаараа л явж байгаа гэдгийг хэлээд Засгийн газрын бүтцийн асуудал яаралтай горимоор орж ирсэн болохоор, түүнчлэн бүтцийн асуудал учраас заавал 14 хоног хүлээлгүй хэлэлцэж байгаа гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн Н.Батбаяр сайдын асуудлыг маргааш буюу баасан гарагийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг ч мөн хэллээ.
Одоо чуулганаар төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд үүний дараа Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэх юм.
Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.