Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын бүтцийг өөрчлөх талаар хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаараа тэрээр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд Зам тээврийн яамнаас замын бодлогыг маш тодорхой гаргаж, аймаг орон нутгийн замуудыг шинэчилж, шинээр барьж, идэвхтэй, эрч хүчтэй ажилласан. Мөн Барилга хот байгуулалтын яамыг тусгайлан байгуулснаар барилгын асуудал, үүн дотор иргэдэд хүрч чадсан орон сууцны асуудал, найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хүргэж хямд үнээр орон сууцанд орох боломжийг хүргэсэн билээ. Одоо энэ хоёр яам нэгдээд ажиллахад болохгүй юм байхгүй.
Эрчим хүчний салбарт өнгөрсөн хоёр жил маш амжилттай ажиллалаа. Учир нь 200мв буюу сүүлийн 20 жилд хийгдээгүй хүчин чадалтай шинэчлэл хийгдэж, ашиглалтад ороод байна. Мөн ирэх 11 дүгээр сард Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Үүний дүнд ойрын хоёр жилдээ эрчим хүчинд санаа зовохгүй байхаар бодлого, үйл ажиллагааг гаргаж тавьж чадлаа. Цаашдаа ч томоохон станцууд босно. Энэхүү үйл ажиллагаа бодлого төлөвлөлт нь гарсан байгаа. Ингээд тус яамыг Уул уурхайн яамтай нэгтгэхээр боллоо.
Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, Сангийн яамны эрхлэх асуудлыг хоёр хуваасанд олон түмэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэхүү шүүмжийг анхааралдаа авч, засч залруулахаар бүтцийн өөрчлөлтөд оруулсан байгаа. Харин ЭЗХЯ-ны үүрэгт байсан Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, Концессын гэрээ, Гадаад улс орноос авах зээл тусламж зэрэг асуудлуудыг Сангийн яамны харьяанд шилжүүлсэн.
Тэгвэл эдийн засгийн гадаад бодлого, гадаад хамтын ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалтын асуудлыг Гадаад харилцааны яаманд шилжүүлсэн. Учир нь манай гадаад харилцаа сүүлийн үед эдийн засагжих шаардлагатай байгаа. Гадаадад байгаа элчин сайд, консулууд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт, Монголд үйлдвэрлэсэн хичнээн хэмжээний бүтээгдэхүүнүүдийг гадаад арилжаанд оруулахад дэмжлэг үзүүлэв гэдгийг дүгнэх цаг болсон. Ингэснээр Гадаад харилцааны яамны үүрэг нэлээд өндөр болж байгаа. Тиймээс тус яамны сайд гадны улс оронд очиход зиндаа дээгүүр байх ёстой гэдэг үүднээс Гадаад харилцааны сайд бөгөөд Шадар сайд болгож буй” гэв.
Түүнчлэн одоогийн Шадар сайдыг Тэргүүн Шадар сайд болгоно мөн Эдийн засгийн үндэсний хороог байгуулж, дотоод эдийн засгийн бодлогыг Ерөнхий сайд хариуцахаар болсон гэдгийг мөн хэллээ.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 1497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.