Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцоо. Энэ үеэр зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, биелэлтийг ханган ажиллахыг газрын дарга нарт үүрэг болгосон байна.
Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт нийт 360 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд хэвтүүлэн эмчлэх 7 тасаг, 288 ортой. 21 төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил амбулаторийн нийт 343,911 үзлэг хийж, 7,786 хүн хэвтэн эмчлүүлжээ.
Тус эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 11 дүгээр сарын 19-өөс 25-ны хооронд буюу томуугийн дэгдэлт нэмэгдсэн 7 хоногт 743 хүүхэд үзүүлжээ. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн 7 хоногт хүлээн авах, яаралтай тусламжаар нийт 183 хүүхэд үйлчлүүлсэн буюу өдөрт 20-30 болж ачаалал буурсан байна.
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 3.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өмнөх 7 хоногтой харьцуулахад томуугийн үзлэг 3.1 хувиар буурчээ.
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 100 ортой ба өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн тасаг ямар нэгэн хүлээгдэлгүй ажиллаж байна.
Мөн 2024 онд нэгдсэн эмнэлгийн хэмжээнд нийт 400 мэс засал хийсэн бол энэ онд мэс заслын тоогоо нэмэгдүүлэн өдөрт 4-6, сардаа 65-80 мэс засал хийж байгаа аж.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламжийн чиглэлд шаардлагагүй хэвтэлтийг бууруулан орны чанарыг сайжруулах, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, аварч болох нас баралтыг бууруулах томоохон бодлогыг хэрэгжүүлж байна.
Мөн эрт илрүүлгийг шинэ шатанд гаргаж, оновчтой болгох замаар үрэлгэн биш ухаалаг тогтолцоог бий болгох зэрэг хүн төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд эмнэлгийн тусламжийн бодлогоо чиглүүлэн, төлөвлөлт зохион байгуулалтаа сайтар тодорхойлж ажиллах нь чухал гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.
Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг ирэх жил тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн гэмтлийн яаралтай болон төлөвлөгөөт мэс засал, дурангийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, урологийн мэс засал хийхээр шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгээд байна.
Түүнчлэн 2026 оны 01 дүгээр сараас Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулан химийн өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гемодиализ, чихрийн шижин өвчний хяналтыг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
| Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна | ||
| Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.