Шууд Chart

Учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ

2025-12-17 11:37:16

Батлан хамгаалахын сайдаас хүйтний цаг улиралтай холбогдуулан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, алба хаагчдад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг хүргүүллээ.

Зөвлөмжид дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг тусгажээ. Үүнд:

-Шинэ жилийн баярын өдрүүдээр хариуцлагатай эргүүлийг томилж, байлдааны жижүүрлэлт, тусгай томилгоот бүрэлдэхүүн, харуул, хоногийн манааны томилгоонд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд тодотгол хийх, сурган зааварлах хичээл явуулж, бэлэн байдлыг хангуулан үүрэг гүйцэтгэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, гарын үсгээр баталгаажуулах;

-Нийтээр амрах баяр, ёслолыг зүй зохистой тэмдэглэх, согтууруулах ундааны хэрэглээнд анхаарч, осгох, хөлдөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хот хооронд зорчих алба хаагчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний дүрэм болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ягштал баримталж, аюулгүй байдлаа хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг сайтар дагаж, гол, нуурын мөсөөр цаг хожих, зам товчлох зэргээр автомашинтай явах болон тээвэр хийхгүй байх;

-Хугацаат цэргийн алба хаагчидтай баяр амралтын өдрүүдээр зохион байгуулан явуулах соёл хүмүүжил, олон нийтийн ажлыг шинэлэг байдлаар зохион байгуулж, эргэлт, түр чөлөөнд хяналт тавьж, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг бүрэн хангуулах;

-Улсын хэмжээнд тархаад буй халдварт томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул халдвар, хамгааллын дэглэмийг сахих, амны хаалт зүүх зэрэг арга хэмжээ авах;

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр холбогдох хууль, тогтоомж, Батлан хамгаалахын сайдын тушаал, албан даалгаврын биелэлтэд онцгой анхаарч ажиллах;

-Галлагаатай байр, объектуудын зуух (пийшин)-ны эвдрэл, гэмтэл аюулгүй ажиллагааны горимыг сахиж, утаа мэдрэгч суурилуулан, галын аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх;

-Албаны тээврийн хэрэгсэлтэй хол замд 20:00 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байх, зайлшгүй тохиолдолд хөдөлгөөн үйлдэх бол техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд сахин, туршлагатай жолоочийг томилон үүрэг гүйцэтгүүлэх зөвлөмжийг хүргүүллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам


Учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй