Шууд Chart

Ховд аймаг мал аж ахуйн бэлтгэлийг 84.7 хувьтай биелүүлжээ

2025-12-24 09:50:22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, ахлах мэргэжилтэн Б.Гантулга,  Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг /2025.12.23/ Ховд аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон ХХАГ, Мал эмнэлгийн газрын удирдлагуудаас аймаг сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, салбарын тулгамдаж буй асуудлаар ярилцлаа. Мөн "Шинэ Ховдын үйлдвэр технологийн парк"-ын бүтээн байгуулалтын явцтай танилцав.

Ховд аймаг 2025 онд 824 тонн өвс, 228 тонн тэжээл, 56.4 тонн эрдэс тэжээл бэлдэж аймаг сумын мал аж ахуйн бэлтгэлийг 84.7 хувьтай биелүүлжээ.

Зудаас сэргийлж 582 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж 280 мянган тонн махыг Казакстан, 192.9 мянган тонн хонины махыг Иран улс руу амжилттай экспорт хийж, 232 мянган толгой малыг хүнсэнд хэрэгцээлснээр энэ онд 3.7 сая мал өвөлжихөөс жилийн эцсийн байдлаар 2.9 сая мал өвөлжиж байгааг таницуулав. Улсын төсвийн болон орон нутгийн санхүүжилтээр 2025 онд сумдад 14 инженерийн хийцтэй худгийг гаргаж малчдын усны хэрэгцээг нэмэгдүүлсэн байна.

Дарви сумын Баяннуруу тусгай хэрэгцээт отрын бүсэд 27.5 мянган толгой мал өвөлжих тооцоолол гарсан ч бусад аймаг сумын малыг авах боломжгүй. Ховд аймгийн малчид Булган, Говь-Алтай, Завхан аймаг, Багануур дүүргийн нутагт оторт гарчээ.

Орон нутгийн зүгээс "Баруун бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн" байгуулахад салбар яамны зүгээс бодлогын дэмжлэг, бага оврын хүчит тэжээлийн үйлдвэр байгуулах, цөм сүрэг бүрдүүлэх, газар тариаланд услалтын хэмжээг нэмэгдүүлэх, дутагдалтай байгаа урсгал үйл ажиллагааны зардлуудыг төсөвт тусгаж өгөх зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


Ховд аймаг мал аж ахуйн бэлтгэлийг 84.7 хувьтай биелүүлжээ  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй