Шууд Chart

Чихрийн шижин нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа

2025-12-25 16:29:54

Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих сенсор буюу CGM төхөөрөмжөө өнөөдөр хүлээн авлаа. (2025.12.24) Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжигч сенсор төхөөрөмжтэй болгох ажлыг эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн 09 дүгээр сард шийдвэрлэж, тендер шалгаруулалтыг ЭХЭМҮТ-өөс 2025 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулсан юм.

Тендерт шалгарсан “Сити Энержи” ХХК нь БНХАУ-ын "Microtech medical" үйлдвэрлэгчийн Linx CGM төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж өнөөдөр ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө. CGM төхөөрөмжийг нэг удаа бугалгад суулгаснаар 15 хоногийн хугацаанд солих шаардлагагүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг цаг минут тутамд харах бөгөөд амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлж, хүүхдүүдийн амьдралын чанар сайжрах ач холбогдолтой юм.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүдийн сенсор төхөөрөмжийг төрөөс даадаг болох зорилго биелж, энэ ондоо багтаан хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна. Амь насны асуудал өдөр бүр цаг тутамд тулгардаг эдгээр хүүхдүүд өдөрт 10, жилдээ 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахар хэмждэг байсан. Олон удаа хатгуулсаар захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болдог. Тиймээс хуруугаа хатгахгүйгээр сахарын үзүүлэлтээ хянах хялбар төхөөрөмжтэй болголоо. Цаашид насанд хүрэгчдийн сенсорын асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэг ч хүүхэд орхигдуулахгүй, хүндрэл чирэгдэлгүйгээр хүүхдүүдэд тараах, хэрэглэх заавар зөвлөгөөг сайтар өгөх зэрэг ажлыг зохион байгуулж, хяналтын тогтолцоо бүрдүүлэхийг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатарт даалгав.

Өнөөдөр Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Сүхбаатар зэрэг зарим аймгаас ирсэн хүүхдүүд инсулин болон CGM төхөөрөмжөө хүлээн авч, ЭХЭМҮТ-ийн дотоод шүүрлийн эмч нараас заавар зөвлөгөө авлаа. Монгол Улсын хэмжээнд энэ оны байдлаар 292 хүүхэд чихрийн шижин 1-р хэв шинжээр оношлогдсон ба 248 нь инсулинээс хамаарах чихрийн шижин өвчтэй байна. 1-р хэв шинжийн чихрийн шижин нь 4-6, 10-14 насанд илүүтэй тохиолддог байна.


Чихрийн шижин нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй