Шууд Chart

“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна

2025-12-25 17:43:14

Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Толгойт дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа.

Тус төвийн нээлтэд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа. ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий гутал, арьс, чулуу, модон эдлэлүүдийг төрөл бүрээр нь урлаж байв.

“Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр ажиллаж, бизнес инкубатор сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Гар урлалыг дэмжих төвийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран нийслэлд зургаан дэд төв байгуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж, 110 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Үргэлжлэн 5000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Дамбадаржаа дэд төвийн газар чөлөөлөлт 2026 онд явагдана. Дэнжийн мянга дэд төвийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах томоохон төсөл бол Толгойт дэд төв. Толгойт дэд төв нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй иж бүрэн цогцолбор хороолол байна. Энэ хүрээнд уламжлалт гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэх иргэдийг дэмжсэн инкубатор төв үйл ажиллагаа явуулж эхэллээ. “20 минутын хот”-д соёл, боловсрол, өрхийн орлогыг дэмжих төвүүд цогцолбор байдлаар төлөвлөгдөж байна” хэмээн онцоллоо.

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хүрээнд уламжлалт гар урлалын төвийг байгууллаа. Энэхүү төвийн онцлог нь ЖДҮ эрхлэгчдэд үнэ төлбөргүй ажлын байр олгож байна. Мөн ажлын байр нь тоног төхөөрөмжтэй. ЖДҮ эрхлэх хүсэлтэй иргэд ажлын байргүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зэргээс шалтгаалж үйлдвэрлэл зогсдог. Энэ асуудлыг шийдэж өгсөн” гэлээ.

Төвийн хамт олон дараах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, мэдээллийг хүргэж байна.

  • Бизнесийг дэмжих: Өрхийн бизнес эрхлэх, нэмэлт орлоготой болох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт, судалгаа зохион байгуулах,
  • Төрийн үйлчилгээ: Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй хүргэх,
  • Нийгмийн зөвлөгөө: Сэтгэл зүйн болон хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, иргэдийг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,
  • Хүүхдэд ээлтэй орчин: Нийгмийн бүхий л зорилтот бүлэгт чиглэсэн цогц үйлчилгээг хүргэж байна.

 

 

 

 

 


“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй