Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог.
Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна.
Такси үйлчилгээ нийтийн тээврийн ангилалд багтдаг, анхаарах ёстой салбар хэдий ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй.
Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгож, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьж байна.
Энэ хүрээнд такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан мэдээлэл өглөө.

Тэрбээр “1.7 сая хүн амтай Улаанбаатар хотод таван аж ахуйн нэгжийн 221 такси стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн салбарт автобус, такси багтдаг. Гэвч такси үйлчилгээг олон жил орхигдуулж ирсэн. Иргэдийн нийт зорчилтын 35 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Үүний 27 хувь нь автобусаар, 8 хувь нь таксигаар зорчдог. Иргэд өдөрт дунджаар 90 мянган удаа таксигаар зорчдог гэсэн судалгаа байна. Ялангуяа ажил тарах цагаар такси олддоггүй. Тиймээс такси үйлчилгээг дэмжих зорилгоор ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээ явуулдаг таван аж ахуйн нэгжтэй Нийтийн тээврийн бодлогын газар, “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-иас уулзалт зохион байгуулсан. Эдгээр аж ахуйн нэгж 100-1000 таксигаар дэмжихийг хүссэн. Дэмжлэггүй хэвээр байвал такси үйлчилгээний зах зээл хөгжиж чадахгүй. Үнэ тариф ч тогтворжихгүй байна. Аль ч хотын такси нийтийн тээврийн салбарт ордог учраас хотоос бодлогоор дэмжих ёстой. Үүнээс биш хувийн хэвшилтэй өрсөлдөөгүй. Хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилт гаргаж, үлдсэн 26 хувьд буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаатай жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх хэлбэрээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргахаар төлөвлөсөн. Өнөөдөр такси үйлчилгээ автомашины түрээс, лизингийн үйлчилгээгээр явж байгаа учраас жолооч нарт эрсдэл ихтэй байна. Мэргэжлийн хүмүүсийн санал болгож байгаагаар баазын системээр буюу автобустай адил, хоёр ээлжийн жолоочтой, тогтмол цалин орлоготой, даатгал төлдөг ажлын байр бий болно. ТЭЗҮ-д тусгагдсанаар жолооч, инженер, техникийн ажилтан зэрэг 4573 хүн байнгын ажлын байртай болно. Нийслэлд 4500-5000 такси үйлчилгээнд явах боломжтой гэсэн судалгаа байна. Үүний 20 хувь буюу 1000 автомашиныг төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээнд явуулна. НИТХ-аар ТЭЗҮ батлагдсан. Аж ахуйн нэгж, иргэдэд хэлэлцүүлэг явуулж, мэдээлэл өгнө. Ажлын даалгавар, бичиг баримтын дагуу тендерээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулж, дахин НИТХ-д өргөн барьж, бүх бичиг баримтаа хэлэлцүүлж батлуулах байдлаар ажил өрнөнө” гэлээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сурагчдын амралтаар авто замын түгжрэл буурдаг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хамран сурах тойрогтоо сурах нь түгжрэлд нөлөөлнө гэж үзэж байгаа. Энэ онд нийт 33 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Он дамнасан сургууль, цэцэрлэг үргэлжлэн ашиглалтад ороод явж байна. Өдөр бүр 570-670 гаруй мянган автомашин зам дээр зорчдог. Түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил дуусах шатандаа байна. Нэг, хоёрдугаар тойрог замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Олон түвшний уулзварууд барихаар ТЭЗҮ боловсруулж байна. Эдгээр авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор хотын нэг захаас нөгөө зах руу зорчих хурд нэмэгдэж, заавал төв замаар түгжрэл үүсгэн зорчих шаардлагагүй болно. Мөн нийслэлийн замын хөдөлгөөнд ухаалаг камерын системийг бий болгож, авто замын түгжрэл болон зөрчил, мэдээллийг хянаж байна. Эдгээр авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй ажлуудаас гадна нийтийн тээврийг төрөлжүүлж хөгжүүлэхийг зорьж байгаа” гэдгийг онцоллоо.

| Д.Бадарсан: Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 гаруй баталгаат ажлын байр бий болно | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.