УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлан ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, хоёр жилийн өмнөх 250 мянган төгрөгийн тэтгэвэр өнөөдөр 170 мянган төгрөгтэй тэнцэж байна гээд шийдвэр гаргагчдын буруутэй үйлдлээс болж тэтгэврийнхэн хохирох ёсгүй гэж мэдэгдсэн юм. Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ахмад настнууд тэтгэврийн зээл авах нь их байгаа ч өндөр хүүтэй тэтгэврийн зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч байгаа учир тэтгэврийн хүүгүй зээл олгох талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Батцогт, Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж байгаа. Тэрхүү ажлыг бид хоёр жил дэмжиж ирсэн гээд, харин одоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллах болно гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, цалин, тэтгэвэр иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй болоод байна хэмээгээд энэ нь сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн инфляцын түвшин, валютын ханшаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой гэж тодотгосон юм. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгахад нэн шаардлагатай хөрөнгийг 2015 оны төсөвт суулгах талаар дээрх шаардлагадаа тусгасан талаар сэтгүүлчдэд дуулгасан юм. Мөн тэрбээр энэхүү шаардлагыг хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү нар дэмжиж байгаа гэдгийг дуулгасан юм.
Зарим гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.