Шууд Chart

Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн анхнаасаа буруу байсан гэв

2014-10-03 15:34:09

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдын Засгийн газрын бүтцийг өөрчлөх болсон шалтгааныг албан ёсоор сонссон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайд ийнхүү Засгийн газрын бүтцээ өөрчилж байгаа нь хоёр жилийн өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн буруу байсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа ажээ. Түүнчлэн бүтцийн асуудлыг хэлэлцэхдээ яамдын тоог илүү цөөлж, цомхон болгох, үүнээсээ хэмнэсэн хөрөнгөөрөө цалин тэтгэврийг нэмэх, саатаж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх ёстой гэдэг байр суурийг Ерөнхий сайдад илэрхийлсэн байна. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэгтгэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа аж. Үүний хариуд Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын бүлгийн илэрхийлж буй байр суурийг авч хэлэлцэж болох юм гэжээ.
 
Мөн бүтцийн асуудал ярьж байгаа ч хажуугаар нь хариуцлагын асуудлыг орхигдуулахгүй, тухайлбал Н.Батбаяр сайдтай холбоотой асуудлыг заавал хэлэлцэнэ гэдгийг хэлсэн юм. Үүнээс гадна сайд нарын зөвлөхийн тоог багасгах талаар санал илэрхийлсэн байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар найм хүртэл орлогчтой байгааг багасгавал төр цомхон болж, зардлыг хэмнэх бололцоо бүрдэнэ гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн анхнаасаа буруу байсан гэв   
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй