Одоо үргэлжилж буй чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм.
Шинэчлэлийн Засгийн газрыг анх 16 яамтай байхаар зохион байгуулснаар эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарлаа. Тухайлбал, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас гарган босгож, дэд бүтцийн зарим салбар болон улсын эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулан орон сууцны барилгын дэд бүтэц, хот хоорондын зам, иргэний нисэх, орон сууц барьж байгуулан, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийн салбарууд амжилттай хөгжих бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Эдгээр яамд өнгөрсөн хугацаанд хариуцсан чиг үүргээ сайн биелүүлж ажиллалаа гэдгийг төсөл санаачлагч дурдав.
Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулахаар эдгээр хууль тогтоомжийн төслийг санаачлан өргөн барьсан гэдгээ Ерөнхий сайд хэлээд Засгийн газрын бүтцийн тухай саналаа танилцуулав. Уг хуулийн төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр тусгажээ.
Түүнчлэн Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтан байхаар тусгажээ. Учир нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, хөрш орнууд болон гадаад оронтой харилцах эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, яам хоорондын гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Гадаад харилцааны сайдыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох, үүнтэй холбогдуулан одоогийн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд хариуцахаар төсөлд тусгасан байна.
Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тогтоож, удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгох, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулахаар тусгажээ.
Засгийн газрын бүтцийг өөрчилснөөр яамдын үйл ажиллагааны давхардлыг арилгаж, шуурхай болгохын зэрэгцээ илүүдэл орон тоог цөөрүүлж, төсвийг зохих хэмжээгээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүн Су.Батболд, Р.Бурмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулан Байнгын хорооны гишүүн Су.Батболд, Д.Лүндээжанцан, С.Баярцогт, Сү.Батболд, С.Дэмбэрэл нар үг хэлэв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Нэгдсэн чуулганаар одоо “Эзэн-100” хөтөлбөрийн тайланг сонсож байгаа бөгөөд үүний дараа уг асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.