Шууд Chart

Салбарын сайдаар мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй

2014-10-06 12:10:20

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт анхаарч ажиллах асуудлууд болон хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Бие даагч гишүүдийн энэ долоо хоногт анхаарч ажиллах хуулийн төслүүд бол Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай асуудал болон 2015 оны Төсвийн тухай хууль болон 2016, 2017 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл байх ажээ.
 
Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн тухайд цомхон байж чиг үүргийн давхардалгүйгээр ажиллахыг дэмжиж байгаа хэдий ч Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэж байгааг эсэргүүцэж байгаа аж. Учир нь Эдийн засгийн хөгжлийн яам нь улсын эдийн засгийн урт болон дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг хийдэг гэж үзэж байгаа бөгөөд буцаад агентлагийн хэмжээнд орж байгаа нь олон сөрөг үр дагавартай гэдгийг хэллээ.
 
Түүнчлэн Засгийн газрын энэхүү өөрчлөлт нь бүтэцдээ гол нь биш харин мэргэжлийн хүмүүсийг албан тушаалд томилох асуудал чухал гэдгийг онцлолоо. Өөрөөр хэлбэл, салбарын сайдыг томилохдоо мэргэжлийн бус харин тухайн нам, бүлэг фракцийн хүнийг томилдог нь Засгийн газрыг, төрийн үнэлэмж буурахад маш ихээр нөлөөлдөг гэлээ. Тийм учраас шинээр томилогдох сайд нар мэргэжлийн хүн байгаасай гэж хүсч буйгаа бие даагч гишүүд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. УИХ дахь бие даагч гишүүд “давхар дээл” өмсөх боломжийг бий болгож байгаа Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг судлаж байгаа гэдгээ өмнө нь хэлж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон уг хуулиа хамгаалж чадахгүй байгаа Үндсэн хуулийн цэцийн асуудлыг хөндөж байгаа гэдгийг мөн мэдээллээ.
 
Үүнээс гадна бие даагчдын зүгээс Намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн төслийг ихээхэн анхаарч байгаа бөгөөд Намын тухай хуульд хатуу гишүүнчлэлийн асуудлыг бүр мөсөн устгах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. Учир нь хатуу гишүүнчлэлийн асуудал байгаа учраас улс төрийн албан тушаалд мэргэжилтэй бус харин намын хүн томилогдож байна гэлээ.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр өнөөдөр манай улс Оюутолгойтой гэрээ байгуулаад таван жил болж байгаа. Гэсэн хэдий ч энэ хугацаанд Оюутолгойгоос манай улсад ямар ч орлого орж ирэхгүй байна гээд улсын нийт төсвийн 80 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр хамаг ачааг нуруун дээрээ үүрч байна гэлээ. Түүнчлэн Оюутолгой компани манай улсаас ногдуулсан 130 сая төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийж зөвхөн 30 сая төгрөгийн татвар төлнө гэдгээ мэдэгдсэн тул маргааш хуралдах байнгын хорооны хуралдааны үеэр энэ талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсохоор болжээ.
 
Дээрхээс гадна бие даагч гишүүд Газрын тухай хуулийн төслийн талаарх асуудлыг нэг  яамны салбар газрын мэдэлд биш харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яам мэдэлдээ авч шийдэх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Салбарын сайдаар мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй