Шууд Chart

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

2026-02-11 17:30:16

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй.

Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх ‘Амар байна уу’ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Анх варень үйлдвэрлэж эхэлж байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, ааруул, аарц, өрөм, хайлмаг зэрэг цагаан идээгээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмсэн. Чихэртэй, чихэргүй 10 төрлийн ааруул зарж байна. Сүүлийн 10 хоногт борлуулалт эрс нэмэгдсэн. Сар шинийн баяр дөхөж байгаа болохоор тавгийн ааруул их авч байна. Нийслэлээс дэмжиж, лангууны түрээс төлөхгүй байгаа учраас иргэдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байна. Мөн бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдийн сэтгэгдэл эерэг байна. Гадуур түрээсийн төлбөртэй үзэсгэлэнгүүдийн бараа өндөр үнэтэй байна гэж худалдан авагчид хэлж байгаа. Ийм боломж олгосон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархаж байна” гэв.

Архангай аймгийн Хотонт сумын ЖДҮ эрхлэгч Т.Батзаяа “Бид энэ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож, нутгийнхаа сайхан айргийг зарж байна. Нэг литр айраг 9000 төгрөг, ихээр авбал 8000 төгрөг. Ирэх жил ч мөн энэ үзэсгэлэнд дахин оролцоно. Сар шинийн баяр дөхөж байгаа учраас хөл хөдөлгөөн ихэссэн, худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдэд манайхаас айраг авч байсан хүмүүс дахин ирж худалдан авалт хийж байгаад баяртай байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Б.Баянжаргал “Манайх сарлагийн шар тостой хэвийн боов үйлдвэрлэдэг. Энэ жил “Амар байна уу” үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож байна. Хэвийн боовоос гадна ааруул, цагаан идээ борлуулж байгаа. Ул боов 9000 төгрөг, тахилын боов 4500 төгрөг, тавгийн идээний ааруул 40 мянган төгрөг, бусад ааруулаа 35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Түрээсгүй зогсож байгаа учраас үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Бусад газарт түрээс төлж бүтээгдэхүүнээ борлуулахад зардал өндөр байдаг. Жил бүр ЖДҮ эрхлэгчдэд түрээсгүй зогсох боломж олгодогт баярлалаа” гэсэн юм.

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид иргэдийн худалдан авалт, борлуулалт нэмэгдсэн гэдгийг онцолж байна. Үзэсгэлэн нээгдээд удаагүй байх үед борлуулалт дундаж түвшинд байсан бол сүүлийн 10 хоногт эрэлт огцом өсжээ.


“Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй