![](/uploads/201410/news/thumb/619bf6e0dd11d67666e0fe6a481d039d_x3.jpg)
Намрын чуулган эхэлснээр АН-ын бүлэг хоёр удаа хуралдсан юм. Өнөөдөр болон өмнө нь хуралдсан хуралдаанаараа бүлэг эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийн биелэлтийн талаарх Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дүгнэлтийг сонссон байна. Мөн түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан бүтцийн асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Анх “Эзэн-100” хөтөлбөрийг батлахдаа эдийн засгийг идэвхжлийг нэмэгдүүлэх, эдийн засагт таатай болгох эрх зүйн орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтын нэгэнт эхэлсэн ажлуудаа дуусгах, валютын ханшийг тогтворжуулах зэрэг зорилтууд тавьсан. Хөтөлбөрийн хүрээнд дээрх зорилтуудаа хангалттай биелүүлсэн гэж үзэж байна” гэсэн юм.
Тухайлбал, экспорт жигдэрсэн, нүүс олборлолт өссөн, валютын нөөц нэмэгдэж байгаа, Тавантолгойн ажил жигдэрч байгаа, Оюутолгойн далд уурхайн ажил жигдэрч байгаа зэрэг олон үр дүн харагдаж байгаа учраас АН-ын бүлгээс Засгийн газрыг эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрөө хангалттай биелүүлсэн гэж үзэж байгаа ажээ.
Гэхдээ энэ үр дүнг хүн болгон өөрөөр харж байгаа учраас цөөнхийн бүлэг “Эзэн-100” хөтөлбөр огт үр дүнгээ өгөөгүй гэж дүгнэж байна. Зарим улс төрчид энэ “Эзэн-100” хөтөлбөрөөр дамжуулаад Засгийн газарт хариуцлага тооцъё, Бүтцийн асуудлаар дамжуулаад Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн хандлага гаргаж байна гэсэн юм.
АН-ын бүлэг өнгөрсөн хавар анх “Эзэн-100” хөтөлбөрийг эхлэх үед хэрэв хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзвэл АН өөрсдөө Засгийн газарт хариуцлага тооцно гэдгээ хэлж байсан. Магадгүй энэ хүрээнд Ерөнхий сайд ийнхүү Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж байгаа байх гэдгийг АН-ын бүлгийн дарга хэлж байсан юм. Түүнчлэн ингэж бүтэц өөрчлөх гэдэг бол эрүүл үзэгдэл гэдгийг ч мөн хэллээ.
Яамдыг нэгтгэсэн тухайд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хоёр тусдаа төсөвтэй байна, Эдийн засгийн хөжлийн яам нь бодлого боловсруулахгүй харин бондуудын мөнгийг л зарцуулдаг байгууллага болж хувирлаа гэсэн шүүмж их гарсан учраас тус хоёр яамыг нэгтгэсэн. Харин томоохон төсөл хэрэгжүүлэх бүрт, тухайлбал нэг уул уурхайн ажил эхлүүлэхэд эрчим хүчийг нь заавал тусдаа шийдэх хэрэг гардаг зэрэг бүтэцтэй холбоотой шалтгаан их байсан учраас Эрчим хүч, Уул уурхайн яамыг нэгтгэсэн гэж ойлгож байгаа гэдгээ мөн хэлсэн юм.
Түүнчлэн Засгийн газрын бүтцийг баталсны дараа сайд нарын томилгооны асуудлыг ярина гэдгийг мөн энэ үеэр хэллээ. Өөрөөр хэлбэл, одоохондоо нэг ч сайдын нэрийг цохож хэлэх боломжгүй аж.
Харин сайд нарын томилгооны асуудалд “давхар дээл”-ийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Манай улс ардчилсан орон. Тийм учраас бүх зүйл хуулийнхаа хүрээнд явна” гэсэн юм. Манай улсын Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн нь давхар УИХ-ын гишүүний алба хашиж болох тухай заалт байдаг учраас шинээр томилогдох сайд нар “давхар дээл”-тэй байж магадгүй гэсэн тайлбар АН-ын бүлгийн даргын хариултад харагдаж байсан юм. Үүнээс гадна Шинэчлэлийн Засгийн газар нийт яамдынхаа дөрвийг нь МАН болон Эвслийн бүлэг өгсөн. Нэгэнт ингэж яамдын тоог цөөлөх асуудал яригдаж байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг өөрийн квотод байдаг яамдын тоог цөөлөхгүй гэж ярьж байгаа хэдий ч бүтэц өөрчлөгдвөл дээрх харьцаа ч мөн өөрчлөгдөнө гэдгийг Д.Эрдэнэбат дарга мөн хэлсэн юм.
Одоохондоо сайд нарыг томилоогүй байна | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.