"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын талаар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн нэг "Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр" төслийн сонгон шалгаруулалтыг дахин зарлах талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станцыг нийт 47 га талбайд барина. Тус станц нь нарны эх үүсвэрээр өөрийгөө цэнэглээд 90 МВт эрчим хүч үйлдвэрлэх буюу оргил ачааллын үед 4 цаг эрчим хүч нийлүүлэх юм. Төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад “Нью Ком", “Эич Эй Си Смарт Тех", "Энвижи Энэржи", "Шийриз стоун", "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" гэсэн таван аж ахуйн нэгж тэнцсэн. Мөн Хүннү хотод олон улсын транзит зочид буудал болон 600 айлын орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхээр хууль, журмын дагуу бэлтгэж байна” гэлээ.
Түүнчлэн “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулах талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. Тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох хэлэлцээний явцад Захиргааны хэргийн шүүхэд өөр талаас маргаан үүсгэсэн нь өмнөх түншлэлийн гэрээг байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгосон. Тухайлбал, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүндрэл, саад учруулах, төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу тогтвортой явуулах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал үүссэн.
Иймээс түншлэлийн гэрээ байгуулсан хувийн хэвшлийн түншлэгч нь гэрээнээс гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээг цуцлах санал ирүүлсэн. Уг саналыг хүлээн авч, талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр түншлэлийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин нээлттэй зарлахаар бэлтгэж байгааг хэллээ.
| “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.