Шууд Chart

Худалдан авах ажиллагааны газар хоёр жилийн ажлаа тайлагналаа

2014-10-06 16:59:32

Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах үндсэн арга бол худалдан авах ажиллагааг цахимжуулах. Энэхүү ажлыг үр дүнд хүргэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны газар байгуулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон шинэчлэл хийсэн. Салбарт хийсэн шинэчлэл болон худалдан авах ажиллагааны энэ жилийн ажлын явцыг өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээллээ.

“Худалдан авах ажиллагааны газар тендерийн бүх үе шатыг цахимжуулж, e-tender.mn вэб сайтад мэдээллийн санг төвлөрүүлжээ. Энэ онд манай газар хариуцан гүйцэтгэх ёстой 395.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерээс эхний есөн сарын байдлаар 320 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан ба эдгээрийг 100 хувь цахимаар явууллаа. Цаг, зардал хэмнэж, өрсөлдөөнийг дэмжсэн энэ шинэчлэлийн үр дүнд нэг тендерийн үйл ажиллагаанаас 450-550 сая төгрөг, нийт дүнгээрээ 34.4 тэрбум төгрөг хэмнэлээ” гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал хэллээ.
 
Тендерт оролцогч компани өмнө нь олон байгууллагаар орж бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо ХААГ дахь нэг цэгийн үйлчилгээний төвөөс бүх үйлчилгээг авч байна. Үүнээс гадна худалдан авалтад хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, сургалтыг аж ахуйн нэгжүүдэд зориулан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 15:00 цагт ХААГ-т зохион байгуулж байна.
 
Тендерт оролцогчдын мэдээллийг нээлттэй болгосон, тендерийн гүйцэтгэлийг ил тод тайлагнаж эхэлсэн, тендерийн үнэлгээний хороонд олон нийт, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулдаг болсон зэрэг шинэ зохицуулалтууд хэрэгжиж байна. Эдгээр мэдээллийг e-tender.mn цахим хуудаснаас авах боломжтой. Одоогийн байдлаар худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 2500 гаруй иргэн, олон нийтийн байгууллагын төлөөлөл тендерийн үнэлгээний хороонд ажиллах эрхтэй байна.
 
Тендерийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг зарласан. Банкны тодорхойлолт, санхүү татварын тайлан зэргийг хуурамчаар бүрдүүлсэн, гэрээний үүргээ зөрчсөн нэр бүхий 28 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад бүртгээд байна. Удахгүй худалдан авах ажиллагааны мэдээллийг иргэд гар утаснаасаа авах боломжтой болно. Цахим тендерийн шинэчлэлийг цаашид үргэлжлүүлж, 2016 он гэхэд цахим гэрээ, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХААГ-аас танилцууллаа.
 
Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний дагуу хугацаа хожимдуулсан худалдан авалтын гэрээний санхүүжилтийг дараа онд шилжүүлэх юм. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулах 925 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1272 төсөл арга хэмжээний худалдан авалт одоогийн байдлаар 92.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Худалдан авах ажиллагааны газар хоёр жилийн ажлаа тайлагналаа  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй