Шууд Chart

“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийг хэрэгжүүлснээр нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирна

2026-02-27 15:53:53

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл (TRWP)” нь Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах, үерийн эрсдэлийг бууруулах, хотын өсөн нэмэгдэж буй хүн ам, орон сууцны ачааллыг даахад чиглэсэн төсөл юм.

TRWP төсөл нь нийт 39.649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах боломжийг олгоно. Төслийн хүрээнд Баянзүрх дүүрэгт 7,909 м, Сүхбаатар дүүрэгт 9,892 м, Чингэлтэй дүүрэгт 3,561 м, Баянгол дүүрэгт 8,810 м, Сонгинохайрхан дүүрэгт 6,607 м, Хан-Уул дүүрэгт 2,690 м шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөлийг хийхээр төлөвлөгдсөн.

Төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээ (ESF) болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлнэ. Төслийн үр дүнд бохир ус хальж асгарах тохиолдол буурч, үерийн эрсдэл, хөрсний болон орчны бохирдол багасна. Нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хотын дэд бүтцийн тогтвортой байдал нэмэгдэнэ. Иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, хотын өсөн нэмэгдэх бохир усны ачааллыг даах чадавх бүрдэнэ. Иймд уг төсөл нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн стратегид нийцсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, урт хугацаанд хотын амьдрах орчныг сайжруулах чухал төсөл юм.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын төвлөрсөн бохир усны шугам сүлжээг анх 1963 онд байгуулж, 1980-аад он хүртэл хотын хүн амын өсөлт, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган үе шаттай өргөтгөсөн. Харин Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр хуучин сүлжээг иж бүрнээр шинэчлэх, өргөтгөх ажил тасалдаж, зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлт болон шинэ орон сууцны хорооллын хүрээнд хэсэгчилсэн шугам барих ажил хийгдсэн. Үүний үр дүнд 2025 оны байдлаар нийслэл 150-1400 мм диаметртэй, нийт урт нь 1100 гаруй км бохир усны сүлжээтэй болсон. Түүний дотор Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ) 200-1400 мм диаметртэй, нийт 249.2 км гол шугамыг ашиглалт, засвар үйлчилгээний хариуцлагын хүрээнд удирдан ажиллаж байна. Гэвч эдгээр шугамын 58 хувь нь 30-60 жилийн ашиглалтын насжилттай, 86.7 км нь ашиглалтын хугацаагаа давсан, ихэнх нь шавар буюу керамик, асбест-цементэн материалаар хийгдсэн, ан цав ихтэй, эвдрэл гэмтэлтэй байна. Түүнчлэн “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, ашиглалтын хугацааны норм” БД 13-104-20 стандартын дагуу шавар болон ширэм шугамын ашиглалтын хугацааг 40 жилээр тогтоосон тул эдгээр шугамуудын нөхцөл байдал нь яаралтай шинэчлэл шаардлагатайг харуулж байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх Ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний дагуу хоногт цуглуулж, зайлуулах бохир усны хэмжээ 377,000 м.куб-д хүрэхээр тооцоологдож байгаа нь өнөөгийн шугамын хүчин чадлаас хоёр дахин их ачаалал шаардлагатайг харуулдаг. Гидравлик тооцооллоор одоогийн байдлаар шугамын 25 хувь нь үндэсний барилгын норм, дүрмээр заасан 70-100 хувийн дүүргэлтийн харьцааг хэтрүүлсэн бөгөөд ойрын жилүүдэд шугамын 50 хувь нь дүүргэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж ачааллаа даах боломжгүй болох эрсдэлтэй байгаа нь хотын үерийн эрсдэл, бохир ус хальж асгарах, хөрсний бохирдол нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.


“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийг хэрэгжүүлснээр нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй