Шууд Chart

Засгийн газрын бүтцийг хэлэлцэхэд АН-ын бүлэг завсарлага авлаа

2014-10-07 10:02:11

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Ерөнхий сайдын яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн тухай хуулийн төслийг эцсийн хувилбараар батлах байсан.

Гэвч уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага авлаа. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай байгаа тул завсарлага авч буйгаа мэдэгдсэн байна. Ингэснээр Засгийн газрын бүтцийн асуудлыг маргааш хэлэлцэхээр болж байгаа юм. Түүнчлэн өнөөдөр хуралдахаар төлөвлөсөн нэгдсэн чуулган ч мөн хойшилж байна.
 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.
 
Уг хуулийн төсөлд Ерөнхий сайд Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс 16 бус 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар тусгасан юм. Тодруулбал, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөх санал оруулсан. Түүнчлэн Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаал бий болгохын зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгох саналыг оруулсан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрын бүтцийг хэлэлцэхэд АН-ын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-07 10:06
МУУ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй