Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотод тусгай замын автобусны шинэ шугам байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах төсөл-1”-ийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Төслийн хэрэгжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, салбарын бодлоготой уялдуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий тус хороог Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ахлан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал болон Тусгай замын автобус /BRT/ төслийн багийн инженер, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, төслийн явц, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд болон шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.
Төслийн трассыг бусад нийтийн тээврийн төслүүдтэй хэрхэн уялдуулах, шугам хоолойн зураг төслийг нарийвчлан авч үзэх, үйл ажиллагааны болон бусад төлөвлөгөөг илүү тодорхой болгох шаардлагатайг Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцолж, эдгээр асуудалд мэргэжлийн түвшинд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Улмаар “Тусгай замын автобус /BRT/” төслийн Удирдах хорооны хурлыг ирэх баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хорооны бүрэлдэхүүн нь Сангийн яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Нийслэлийн замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газрын төлөөллөөс бүрджээ.
| Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хороо ирэх баасан гарагт хуралдана | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.