АНУ Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд эхний зургаан өдрийн хугацаанд 11.3 тэрбум ам.доллар зарцуулсан талаар Вашингтоны захиргаа Конгресст мэдээлсэн байна.
Америкийн The New York Times сонинд мэдээлснээр, гуравдугаар сарын 10-нд болсон хаалттай хуралдааны үеэр Пентагоны төлөөлөгчид хууль тогтоогчдод тайлагнахдаа Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны зардал эхний зургаан өдрийн дотор 11.3 тэрбум ам.доллар давсан гэж мэдэгдсэн. Уг дүнд анхны цохилтоос өмнө цэргийн техник хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийг бүс нутагт байрлуулах зэрэг зардал багтаагүй аж.
Албаныхны мэдээлснээр ажиллагааны бодит зардлыг нарийвчлан тооцох ажил үргэлжилж байгаа бөгөөд эцсийн дүнгээр илүү өндөр өртөг гарах магадлалтай гэж эх сурвалжууд онцолжээ.
АНУ болон Израилийн хамтарсан цэргийн ажиллагаа хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн. Вашингтон Иран улсаас пуужин болон цөмийн аюул заналхийлэл нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгдсэн юм.
АНУ, Израилийн цохилтын хариуд Ираны Исламын хувьсгалын харуулын корпус бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудыг онилсон хариу довтолгоо хийж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал Персийн булангийн орнууд дахь АНУ-ын цэргийн баазууд руу пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжөөр довтлох оролдлого хийсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилбэл цэргийн ажиллагааны зардал цаашид эрчимтэй нэмэгдэх бөгөөд энэ нь АНУ-ын батлан хамгаалах төсөвт томоохон дарамт учруулж болзошгүй гэжээ.
| АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагааны зардал 11.3 тэрбум ам.доллар давжээ | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.