Шууд Chart

Тайланд улс өнөөдөр “Зааны өдөр”-ийг тэмдэглэж байна

2026-03-13 07:35:10

Жил бүрийн гуравдугаар сарын 13-ны өдөр Thai Elephant Day буюу Тайландын Зааны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь Тайландын үндэсний бахархал болсон зааныг хамгаалах, тэдний ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм.

Тайландын соёл, шашин, түүхэнд заан онцгой байр суурь эзэлдэг. Эрт цагт зааныг хаадын сүр хүч, төрийн бэлгэдэл хэмээн үздэг байсан бөгөөд дайн тулаан, тээвэр, хүнд хүчир ажилд өргөн ашигладаг байжээ. Ялангуяа ховор тохиолддог цагаан зааныг хааны эрх мэдэл, аз жаргалын бэлгэдэл хэмээн хүндэтгэдэг уламжлалтай.

Азийн заан нь Тайландын байгаль, соёлын салшгүй хэсэг бөгөөд эрт үед тус улсад хэдэн зуун мянган заан амьдарч байсан гэж судлаачид үздэг. Гэвч ой мод устах, хууль бус агнуур, аялал жуулчлалын хэт ашиглалт зэрэг шалтгаанаас болж зааны тоо толгой эрс буурчээ. Өнөөдөр Тайландад хэдхэн мянган заан үлдсэн гэж тооцогддог.

Зааны өдрөөр Тайланд даяар зааныг хамгаалах, арчлахад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Зааны асрамжийн төвүүд болон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд заанд зориулсан жимс, хүнсээр “найр” барих, олон нийтэд зориулсан танин мэдэхүйн үзэсгэлэн гаргах, хамгааллын хөтөлбөрүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа болдог.

Ялангуяа Аюттхая болон Чианг Май зэрэг хотуудад зааны баярын арга хэмжээ өргөн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд жуулчид, орон нутгийн иргэд олноор оролцдог. Энэ үеэр заанд зориулан томоохон ширээ засч, тарвас, хан боргоцой, банана зэрэг жимсээр дайлдаг уламжлалтай.

Зааныг хамгаалах нь зөвхөн Тайландын төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах чухал асуудалд тооцогддог. Иймээс Зааны өдөр нь хүмүүсийг байгаль хамгаалах, зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах уриалгыг түгээдэг онцгой ач холбогдолтой өдөр юм.


Тайланд улс өнөөдөр “Зааны өдөр”-ийг тэмдэглэж байна  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй