Монгол Улсын Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 мегаватт цагийн багтаамж бүхий батарей хуримтлуур барих ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгууллаа.
Түлхүүр гардуулах нөхцөлтэй уг төслийн гүйцэтгэгчээр техникийн шаардлага хангаж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНХАУ-ын Зонгтиан Фотоволтиак Технологи болон Жиансу Зонгтиан Технологи компаниудын түншлэл шалгарсан байна. Гэрээнд 2026 оны гуравдугаар сарын 16-нд гарын үсэг зуржээ.
Гэрээ байгуулах арга хэмжээнд Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, “Зонгтиан Фотоволтиак Технологи” компанийн ерөнхий менежер Гу Жинчэнь, “Жиансу Зонгтиан Технологи” компанийн төслийн захирал Миао Шиаонан нар оролцсон байна.
Төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих бөгөөд нийт санхүүжилтийн 40 хувийг буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм. Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан ажиллах бөгөөд гэрээ байгуулснаас хойш 300 хоногийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мянгад суманд хэрэгжих энэхүү станц нь Баруун бүсэд баригдаж буй сэргээгдэх эрчим хүчний тав дахь эх үүсвэр юм. Өмнө нь 2022 онд Завхан аймгийн Алдархаан суманд 5 мегаватт, Говь-Алтай аймгийн Алтай суманд 0.6 мегаватт, 2023 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10 мегаватт, 2024 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 мегаваттын нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулжээ.
Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд Баруун бүсийн ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээг ойролцоогоор 17 хувиар бууруулна гэж тооцож байна. Үүний зэрэгцээ жил бүр 2 сая орчим ам.долларын зардлыг хэмнэх, 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой юм.
Мөн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр бий болох бол ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр шинээр бий болох аж.
| Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.