Шууд Chart

Япон: Ормузын хоолойд хөлөг илгээх шийдвэр хараахан гараагүй

2026-03-16 16:05:14

Санаэ Такаичи Япон улс одоогоор Ормузын хоолойд танкеруудыг хамгаалах зорилгоор цэргийн хөлөг илгээхээр төлөвлөөгүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр өнөөдөр парламентын хуралдааны үеэр мэдэгдэхдээ, Ормузын хоолой орчимд худалдааны хөлөг онгоцнуудыг хамгаалах зорилготой цэргийн ажиллагаанд Япон улс оролцох эсэх талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж хэлсэн байна.

Түүний хэлснээр, бүс нутгийн нөхцөл байдал хурцдаж байгаа ч Япон улс аливаа алхмыг хийхдээ үндэсний хууль тогтоомж болон Үндсэн хуулийнхаа хүрээнд боломжит хувилбаруудыг нягтлан судалж байгаа аж.

Ойрхи Дорнодын хурцадмал байдал нэмэгдэж, ялангуяа Иран, Израиль болон АНУ-тай холбоотой цэргийн үйл явдлууд идэвхэжсэнтэй холбогдуулан олон улсын худалдааны чухал гарц болох Ормузын хоолойн аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэлсэн. Энэ бүсээр дэлхийн нефтийн нийлүүлэлтийн томоохон хэсэг дамжин өнгөрдөг тул олон улс танкеруудын аюулгүй байдлыг чухалчлан үзэж байна.

Гэсэн хэдий ч Японы Засгийн газар гадаад бүс нутагт цэргийн ажиллагаанд оролцох асуудалд болгоомжтой хандсаар ирсэн. Тус улсын Үндсэн хууль дайн хийх болон цэргийн хүчийг гадаадад ашиглахыг хатуу хязгаарладаг тул аливаа шийдвэр улс төр, хууль эрх зүйн өргөн хэлэлцүүлэг шаарддаг.

Иймээс Япон улс одоогоор нөхцөл байдлыг ажиглаж, бүс нутгийн аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ямар арга хэмжээ авах боломжтойг судалж байгаа гэж Ерөнхий сайд Санаэ Такаичи онцолсон байна.


Япон: Ормузын хоолойд хөлөг илгээх шийдвэр хараахан гараагүй  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй