УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан гишүүдийн саналыг авч, маргаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуудалд нягт нямбай хандан, сайн судлах шаардлагатай гээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр туршлагатай хүнийг томилох саналтай байгаагаа илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүнийг томилох санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 онд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гурван удаа, 2014 онд мөн гурван удаа оролцсон юм байна.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна гээд, уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, “Хүний эрхийг зөрчих явдал сүүлийн үед хавтгайрлаа. Хууль зүйн байнгын хороо хүний эрхийн асуудалд анхааралтай хандах ёстой. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж хэлсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх гишүүдийн саналыг дэмжсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.