Улаанбаатар хотын гол тэнхлэгийн замуудад түгжрэл тогтмол үүсч, иргэд цаг хугацаа алдах, цаашлаад шатахууны зарцуулалтаас үүдэлтэйгээр агаарын бохирдол нэмэгдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байна.
Иймд авто замын ачааллаас үл хамаарах, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Тиймээс хотын нягтрал ихтэй бүсүүдийг шууд холбож, замын түгжрэлийг бууруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх боломжтой Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг дахь Арцатаас Хархорингийн Өнөр хороолол чиглэлд байгуулж байгаа ажлын буудал, тулгуур багана, техникийн байгууламжуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Түүнчлэн тросс татахад шаардлагатай суурийн арматур угсралт, бетон цутгалтын ажлууд хийгдэж, дэд бүтцийн бэлтгэл хангагдаж байна. Мөн Яармаг, Арцат талд байрлах гаражийн барилгын гадна ханын өрлөгийн ажил болон доторлогоо, инженерийн дотоод бэлтгэл ажлууд өрнөж байна. Түүнчлэн Өнөр хорооллын буудлын инженерийн шугам сүлжээний сувагчлал болон барилгын шалны бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа юм.
Дүүжин замын тээврийн нэгдүгээр шугамын барилга угсралтын ажилтай зэрэгцэн хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барих төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын бэлтгэлийг хангаж байна.
Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, цаашлаад аялал жуулчлалын сонирхол татахуйц орчныг бүрдүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн суурьшлын бүсүүдийг хооронд нь уялдаа холбоотой холбож, нийтийн тээврийн системийн үр ашгийг дээшлүүлэхийн сацуу тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна.
| Дүүжин замын тээврийн төслийн II шугамын ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.