Шууд Chart

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудыг цагдаатай болгоно

2026-05-02 16:00:23

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ төрийн өмчийн сургуулиудыг "Сургуулийн цагдаа"-тай болгох санаачилга гаргасан байна.

Тэрбээр "Сүүлийн үед хүүхдүүд сургуулийн орчин, анги танхимдаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сургуулийн орчинд гэмт хэрэгт холбогдох, болзошгүй осол гэмтэлд өртөх тохиолдол гарсаар байна. ЗГХА Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын гаргасан судалгаагаар 2025 онд 980 гаруй хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт болон цахим орчинд хүчирхийлэлд өртсөн. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо гэсэн байна. Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа АНУ-ын сургуулиуд тусгай Сургуулийн цагдаатай байдаг. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд хамгаалж чаддаг. Харин манай улсын хувьд эцэг, эхчүүд "School Police" хийдэг ч сургууль орчмын гарц дээр зогсож хүүхдийг аюулгүй байдлыг ханган ажилладаг" гээд өнгөрсөн сараас Баянгол дүүрэгт 34 хорооны хэсгийн байцаагч, хэсгийн ахлагч нар хамтран Нийтийн эргүүл хийж эхэлснийг онцоллоо. 

Ингэснээр сар хүрэхгүй хугацаанд гэмт хэрэг, зөрчил 50 хувиар буурсан гэсэн судалгааг дүүргийн Цагдаагийн газраас танилцуулсан байна. 

Тиймээс Дүүргийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүний хувьд тэрбээр дээрх санаачилгаа Баянгол дүүргийн төрийн өмчийн 24 сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. 

Сургуулиудад гэрээгээр ажиллах цагдаа нарын цалин, урамшууллыг дүүрэг, орон нутгаас бүрэн шийдвэрлэх юм байна. 


Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудыг цагдаатай болгоно  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй