Шууд Chart

ССАЖЯ-г өөр яамтай нэгтгэх санал дэмжигдлээ

2014-10-07 15:25:05

Өнөө өглөө хуралдахаар товлогдсон ч завсарлага авсан Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.

УИХ дахь АН-ын бүлэг дотооддоо зөвшилцөх хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар нэг хоногийн завсарлага аваад байсан юм. Гэвч өдөр АН-ын бүлгийн гишүүд бүтцийн талаарх асуудлаа зөвшилцөж дууссан тул байнгын хороог хуралдуулж болно хэмээн үзэж  14:00 цагийн орчимд байнгын хорооны нийт гишүүдийнхээ 57.8 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхлүүлсэн байна. Тус хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр оролцсон юм.
 
Хуралдаанаар Ерөнхий сайдын өргөн барьсан бүтцийн асуудалтай холбоотой хэд хэдэн асуудалд гишүүд саналаа хэлж, өөрчлөгдөхөөр заасан бүтэц тус бүрт санал хурааж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд “Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн төслийг илүү цомхон болгомоор байна. МАН-ын бүлэг хэлэлцээд ССАЖЯ-ны ажлын үүрэг функцыг яамдуудад өгөөд ажиллуулах бүрэн боломжтой гэж үзсэн. Өмнөх ажлын туршлага байгаа тул бүтцээ эргэн харж энэ саналыг хүлээн авна гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Ингээд ССАЖЯ-ыг бусад яамдад нэгтгэх санал байнгын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч дэмжигджээ. Энэ шийдвэр хэрэв чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонхийн саналыг авч чадвал ССАЖЯ-г өөр аль нэг яаманд нэгтгэх юм.
 
Түүнчлэн хуралдааны үеэр Ерөнхий сайдын хуулийн төсөлдөө тусгасан "Тэргүүн шадар сайд" гэсэн бүтцийг төслөөс хасах санал гарч дэмжигдсэн байна. Мөн Дэд бүтцийн хөгжлийн яам гэсэн төслийн нэрийг өөрчилж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж өөрчлөхөд санал нэгджээ.  
 
Үүнээс гадна Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн төслийн нэрийг өөрчилж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж өөрчлөх санал дэмжигдсэн байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ССАЖЯ-г өөр яамтай нэгтгэх санал дэмжигдлээ  
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй