Шууд Chart

ӨНӨӨДӨР: НҮБ-ын баривчлагдсан болон сураггүй болсон ажилтнуудыг дурсах өдөр

2026-03-25 08:41:16

Жил бүрийн гуравдугаар сарын 25-ны өдрийг дэлхий даяар НҮБ-ын баривчлагдсан болон сураггүй болсон ажилтнуудтай эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага-аас албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт ажиллаж яваад баривчлагдсан, сураггүй болсон болон амь насаа алдсан хүмүүнлэгийн ажилтнуудыг дурсах зорилготой юм.

Энэ өдрийг 1985 оны гуравдугаар сарын 25-нд Ливанд үүрэг гүйцэтгэж байхдаа баривчлагдсан НҮБ-ын сэтгүүлч Алек Коллеттийн дурсгалд зориулан тэмдэглэж эхэлжээ. Тэрээр НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагт ажиллаж байхдаа зэвсэгт этгээдүүдийн гарт баривчлагдсан бөгөөд олон жил сураггүй байсны эцэст 2009 онд түүний шарилыг олсон байна.

Эрсдэл дунд ажилладаг хүмүүнлэгийн ажилтнууд

НҮБ-ын ажилтнууд дэлхийн хамгийн эрсдэлтэй бүс нутагт ажилладаг. Тэд зэвсэгт мөргөлдөөн, терроризм, улс төрийн тогтворгүй байдал, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж хүргэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, энх тайвныг дэмжих үүргийг гүйцэтгэдэг.

Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн ажилтнуудын эсрэг халдлага нэмэгдэх хандлагатай байна.

НҮБ болон олон улсын байгууллагуудын мэдээллээр:

2024 онд дэлхий даяар 377 гаруй хүмүүнлэгийн ажилтан амь үрэгдсэн нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон.

Мөн:

  • 300 гаруй хүн шархадсан,
  • 120 гаруй хүн барьцаалагдсан, хулгайлагдсан,
  • Олон арван ажилтан баривчлагдсан байна. Үүнээс өмнө 2023 онд 280 хүмүүнлэгийн ажилтан амь үрэгдсэн нь мөн өндөр үзүүлэлтэд тооцогдож байжээ.

Харин 2003 оноос хойш дэлхий даяар хэдэн зуун хүмүүнлэгийн ажилтан амь үрэгдэж, шархадсан болон баривчлагдсан, сураггүй болсон гэх мэдээлэл байдаг.

Эдгээр халдлагын дийлэнх нь зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт болсон бөгөөд хүмүүнлэгийн ажилтнууд иргэдэд тусламж хүргэх явцдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Олон улсын хамтын нийгэмлэгт хандсан уриалга

Энэ өдрийг тохиолдуулан олон улсын хамтын нийгэмлэгт дараах уриалгыг дэвшүүлдэг.

Үүнд:

  • Баривчлагдсан НҮБ-ын ажилтнуудыг суллах,
  • Сураггүй болсон хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгох,
  • Тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүст дэмжлэг үзүүлэх,
  • Хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах,
  • Зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд дэлхийн улс орнуудын анхаарлыг хандуулдаг.

НҮБ-ын баривчлагдсан болон сураггүй болсон ажилтнуудтай эв санааны нэгдлийн өдөр нь дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцогчдын эр зориг, золиосыг хүндэтгэн дурсахын зэрэгцээ тэдний аюулгүй байдлыг хангах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, баривчлагдсан ажилтнуудыг суллуулах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг уриалсан чухал өдөр хэмээн үздэг байна.


ӨНӨӨДӨР: НҮБ-ын баривчлагдсан болон сураггүй болсон ажилтнуудыг дурсах өдөр  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй