Шууд Chart

Хахууль өгөхийг завдсан иргэнийг шүүхээс 3 сая төгрөгөөр торголоо

2026-03-25 14:26:07

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Хэрэгт дурдсанаар “М” компанийн менежер Т нь 2025 оны арваннэгдүгээр сард компанид холбогдох зөрчлийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргил-д 5500 ам.доллар буюу 20 сая төгрөгийн хахууль санал болгожээ.

Тэрбээр уг мөнгийг цагаан өнгийн дугтуйнд хийж, албан өрөөний ширээн дээр тавьсаныг албан тушаалтан З.Оргил нь Авлигын эсрэг хууль-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шүүх 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хэргийг хэлэлцжээ.

Шүүхээс иргэн Т-г Эрүүгийн хууль-ийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулж, авлигын эрсдэлийг бууруулах, авлигыг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн уг тохиолдолд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргил нь төрийн албан хаагчийн авлигаас ангид байх зарчмыг баримталж, хуулийн дагуу мэдээллийг шуурхай өгсөн нь авлигын эсрэг үйл ажиллагаанд бодит жишээ болж байгааг онцолжээ.


Хахууль өгөхийг завдсан иргэнийг шүүхээс 3 сая төгрөгөөр торголоо  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй