Шууд Chart

НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар цахим хурал болов

2026-03-26 13:44:04

НҮБ-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” тогтоолын хэрэгжилтийн явцын талаар санаачлагч улс орнууд болон олон улсын байгууллагууд энэ сарын 19-ний өдөр цахимаар хуралдлаа.

Монгол Улс уг тогтоолыг санаачлагч орны нэг бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.

Цахим хурлын эхэнд Норвеги улсын Гадаад харилцааны яамны Бодлогын газрын захирал Мэтс Бэнэстад дэлхий даяар ардчиллын үзүүлэлт буурч, хууль дээдлэх ёс эрсдэлд орж буй энэ үед уг тогтоол нь олон улсын сайн жишиг болсон гэж онцоллоо. Тэрбээр Албани, Гана, Монгол Улсуудтай 2025 оноос эхлэн тогтоол батлагдтал хамтран ажилласнаа дурдаж, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын эрх зүйн орчин олон оронд сул, авлигын эрсдэлд өртөмтгий байсныг тэмдэглэв.

Мөн 2003 оноос хойш цахим мэдээлэл, хил дамнасан санхүүжилт, нэр үл мэдэгдэх хандив зэрэг шинэ эрсдэлүүд нэмэгдсэн нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг илүү эмзэг болгож байгааг дурдсан юм. Тэрбээр улс орнууд дотоодын хууль эрх зүйн орчныг сайжруулж, ил тод байдлыг хангах цахим системийг хөгжүүлэх шаардлагатайг онцолж, Норвеги улс тогтоолын хэрэгжилтэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хурлын үеэр оролцогч орнууд тогтоолын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан байна. Албани улс улс төрийн намын санхүүжилтийн хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор цахим систем нэвтрүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэл хийж байгаагаа мэдээлэв.

Монгол Улсын хувьд 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль нь НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах эрх зүйн суурь болсон бөгөөд хэрэгжилтийг хангах ажлыг идэвхтэй эхлүүлээд байна. Сонгуулийн ерөнхий хороо 2026 оны нэгдүгээр сард “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагатай хамтран улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг үнэлэх жил бүрийн хөндлөнгийн мониторингийн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлжээ.

Энэхүү үнэлгээгээр улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын өнөөгийн түвшин, цаашдын шаардлагатай шинэчлэлийг олон улсын шинжээчдийн оролцоотой тодорхойлох юм.

Мөн Монгол Улсад улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ онцоллоо.

Түүнчлэн Транспэрэнси Интернэшнл байгууллагын Их Британи дахь салбарын төлөөлөгч улс төрийн санхүүжилтийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, 2023 онд Их Британи улсад улс төрийн хандив 85 сая фунтэд хүрсний гуравны хоёр нь 19 том хандивлагчаас бүрдсэн нь ил тод байдлын асуудал чухал байгааг харуулж байна гэж дурдав.

Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгч Юкихико Хамада улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын суурь үнэлгээг тогтоох нь тогтоолын хэрэгжилтийн эхний чухал алхам болохыг онцолж, эрх зүйн орчин, хяналтын систем, хэрэгжилтийн чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн юм.

Цахим хурлын төгсгөлд оролцогчид тогтоолын хэрэгжилтийг хангах багц заавар боловсруулах ажил эхэлснийг онцолж, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах олон улсын стандартыг тогтоох зорилготой уг тогтоолыг Албани, Гана, Монгол, Норвеги зэрэг улсууд хамтран санаачилж, НҮБ-ын 60 гаруй гишүүн орон дэмжин баталсан юм. Энэ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хөндсөн анхны тогтоол болсноороо онцлог болж байна.


НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар цахим хурал болов  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй