Шууд Chart

Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна

2026-03-30 15:51:14

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” үргэлжилж байна.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор, Дэд профессор М.Наранпүрэв "Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого шинэчлэл" сэдвийн хүрээнд Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрх зүйн шинэчлэл болон Анхан шатлалын тусламж, үйлчилгээ, Яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, сэргийлэх боломжтой нас баралтыг бууруулах бодлого, ахмад настанд үзүүлэх тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, төвлөрлийг сааруулах бодлого, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн бодлого, магадлан итгэмжлэлийн шинэчлэл зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг танилцуулав.

Эмнэлгийн бус нас баралтын түвшин дэлхийн дахинд 53.4 хувь, өндөр орлоготой улс оронд 27.3 хувь байдаг бол Монгол Улсад 72.5 хувь байгаа бөгөөд энэ түвшин нь сүүлийн 10 жилд тогтвортой буюу аврагдах боломжтой нас баралтын түвшин жигд өндөр 50-54% байна.

Тухайлбал, Монгол Улсад 2024 онд нийт 18,113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь нь буюу 12,330 нь эмнэлгийн бус нас баралт, 32 хувь буюу 5,786 нь эмнэлгийн нөхцөлд тохиолдсон нас баралтын тохиолдол байна.

Амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой нас баралтын тохиолдол нь 9,761 байгаа нь нийт нас баралтын 54 хувийг эзэлж байгааг тогтоосон байдаг.

Аврах боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгааны 80 орчим хувийг осол гэмтэл, тархины харвалт, зүрхний шигдээс эзэлж байна. Иймд энэ чиглэлд онцгой анхаарч бодлогын өөрчлөлт хийх нь нас баралтыг бууруулах боломж байгааг харуулж байна" гэдгийг илтгэлээр танилцуулав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй