Шууд Chart

ӨНӨӨДӨР: Эйфелийн цамхаг нээгдсэн түүхэн өдөр

2026-03-31 09:32:27

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр дэлхийн хамгийн алдартай байгууламжуудын нэг болох Эйфелийн цамхаг албан ёсоор нээгдсэн түүхэн өдөр тохиож байна.

1889 оны энэ өдөр Францын нийслэл Парис хотод баригдсан уг цамхаг тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр байгууламж болж, инженерийн гайхамшиг хэмээн үнэлэгдэж байжээ.

Эйфелийн цамхгийг Францын инженер Гюстав Эйфель зохион бүтээж, 1889 онд болсон Дэлхийн үзэсгэлэнд зориулан барьсан байна. Энэхүү үзэсгэлэн нь Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээ байсан юм.

Цамхгийн барилгын ажил 1887 онд эхэлж, 2 жил гаруйн хугацаанд баригдан 1889 оны гуравдугаар сарын 31-нд ашиглалтад оржээ. Барилгын ажилд тухайн үеийн инженерийн дэвшилтэт технологийг ашигласан нь дэлхийн анхаарлыг татсан байна.

Эйфелийн цамхгийн талаарх сонирхолтой тоо баримтууд:

  • Өндөр: 324 метр
  • Нийт төмөр хийц: 7,300 тонн
  • Нийт металл эд анги: 18,038 ширхэг
  • Холбосон хадаас: 2.5 сая орчим
  • Нийт жин: 10,000 гаруй тонн
  • Барилгын хугацаа: 2 жил 2 сар
  • Барилгын ажилд оролцсон: 400 орчим инженер, ажилчин

Цамхгийг барих үед Парисын уран бүтээлчид, зохиолчид болон архитекторууд уг байгууламжийг хотын өнгө үзэмжийг эвдэнэ гэж эсэргүүцэж байсан ч удалгүй Франц улсын бэлгэ тэмдэг болж, дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг болсон байна.

Мөн Эйфелийн цамхаг инженерийн хувьд сонирхолтой онцлогтой. Салхины нөлөөгөөр цамхаг 6–7 сантиметр хэлбэлздэг бол зуны халуунд төмөр тэлж 15 сантиметр хүртэл өндөр нэмэгдэх боломжтой байдаг. Түүнчлэн цамхгийг 7 жил тутамд будаж, нэг удаагийн будгийн ажилд 60 орчим тонн будаг ашигладаг байна.

130 гаруй жилийн түүхэнд Эйфелийн цамхагтай холбоотой зарим эрсдэлтэй тохиолдол ч гарч байжээ. 20-р зууны эхэн үед аюулгүй байдлын асуудал гарч байсан тул хамгаалалтын хаалт нэмэгдүүлсэн бол 2003 онд цамхгийн дээд хэсэгт гал гарч, зочдыг түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед цамхгийг устгах эрсдэл байсан ч сүйдээгүй үлдсэн түүхтэй.

Өнөөдөр Эйфелийн цамхагийг жил бүр 7 сая гаруй хүн зорин очдог бөгөөд дэлхийн хамгийн их үзэгчтэй аялал жуулчлалын байгууламжуудын нэг хэвээр байна.

Ийнхүү 1889 оны гуравдугаар сарын 31-нд нээгдсэн Эйфелийн цамхаг өнөөдөр Франц улсын бэлгэ тэмдэг төдийгүй дэлхийн архитектур, инженерийн хөгжлийн чухал дурсгал болон үлджээ. 


ӨНӨӨДӨР: Эйфелийн цамхаг нээгдсэн түүхэн өдөр  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй