Өнгөрсөн хоёр хоногт Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал дахин хурцдаж, Иран, Израиль, АНУ болон бүс нутгийн бусад тоглогчдыг хамарсан сөргөлдөөн олон чиглэлд өргөжих хандлага ажиглагдлаа.
Гуравдугаар сарын 29-нээс 30-ны өдрүүдэд Иранаас Израилийн өмнөд хэсэг рүү пуужин харвасан тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулж, Израилийн нутаг дэвсгэрт дэлбэрэлт болж, утаа гарсан дүрс бичлэг, гэрэл зургууд нийтлэгдсэн байна. Үүний дараа Израиль Сирийн нутаг дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн байрлалд агаараас цохилт өгсөн тухай мэдээлэв. Мөн АНУ бүс нутагт цэргийн хүч, тэнгисийн цэргийн байршлаа нэмэгдүүлж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн нь нөхцөл байдлыг улам эмзэг болгож байна.
Үүнтэй зэрэгцэн Газын зурвас болон Баруун эрэгт мөргөлдөөн үргэлжилж, Израилийн цохилтын улмаас хэд хэдэн хүн амь үрэгдсэн талаар эмнэлгийн эх сурвалжууд мэдээлжээ. Израиль аюулгүй байдлын ажиллагаа явуулж буйгаа мэдэгдсэн бол Палестины тал иргэд хохирч байгааг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран Хормузын хоолойн тээврийг саатуулах оролдлого хийвэл Ираны эрчим хүч, газрын тосны байгууламж болон стратегийн дэд бүтцэд цохилт өгөх боломжтой талаар дахин анхааруулжээ. Иран ийм шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, гадаадын цэргийн ажиллагаанд хатуу хариу өгөхөө илэрхийлсэн байна. Энэ нь Персийн булан дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлж, тээвэр, эрчим хүчний нийлүүлэлтэд эрсдэл үүсгэж эхэлжээ.
Мөргөлдөөний нөлөө эдийн засагт ч илэрч эхэлсэнээр бүс нутгийн хурцадмал байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, газрын тос, хий нийлүүлэлтийн томоохон хэсэг эрсдэлд орж болзошгүйг Олон улсын валютын сангаас анхааруулжээ. Хормузын хоолойгоор дэлхийн газрын тосны томоохон хэсэг тээвэрлэгддэг тул нөхцөл байдал даамжирвал эрчим хүчний зах зээлд томоохон савлагаа үүсэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Мөн Персийн булан орчимд аж үйлдвэрийн байгууламжуудын аюулгүй байдалд эрсдэл нэмэгдэж, металлын зах зээлд савлагаа ажиглагдаж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж, нэг баррель нефтийн үнэ 115 ам.доллароос давсан талаар мэдээлэв. Хөрөнгийн зах зээл савлаж, эрсдэл өндөр бүс нутгаас хөрөнгө татагдах хандлага ажиглагдаж эхлэв.
Мөргөлдөөний хүрээ мөн Ливан, Сирийн чиглэлд нэмэгдэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийн идэвхжил нэмэгдэж болзошгүй талаар анхааруулжээ. Үүний зэрэгцээ Йемений зэвсэгт бүлэглэлүүд бүс нутгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн нь мөргөлдөөн тэлэх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Ийнхүү сүүлийн хоёр хоногт Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам хурцдаж, цэргийн ажиллагаа олон чиглэлд өргөжих хандлага ажиглагдаж, дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд тодорхой нөлөө үзүүлж эхэллээ. Шинжээчдийн үзэж буйгаар нөхцөл байдал тогтворжихгүй бол бүс нутгийн бус, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
| Ойрхи Дорнодын мөргөлдөөн олон чиглэлд тэлэх шинж ажиглагдав | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.