2026 оны гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Андорра Вант Улсад Уулын Түншлэлийн 7 дахь Дэлхийн хурал зохион байгуулагдаж, уулын бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцлээ.
Андорра улсын Засгийн газраас зохион байгуулсан тус хуралд олон улсын байгууллага, засгийн газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцсон байна.
Монгол Улсыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төлөөлөн оролцож, уулын бүс нутгийн хөгжлийн чиглэлээр Монгол Улсын туршлага, бодлого, санал санаачилгыг танилцуулжээ.
Хурлаар уулын бүс нутгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол, хүнсний аюулгүй байдлын асуудлыг онцлон хэлэлцсэн байна. Судалгаагаар дэлхийн хуурай газрын дөрөвний нэгийг уулын бүс нутаг эзэлдэг бөгөөд 1.2 тэрбум хүн шууд амьдарч, ойролцоогоор хоёр тэрбум хүнийг усаар хангадаг стратегийн чухал бүс гэдгийг оролцогчид тэмдэглэлээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдэл, тогтвортой хөдөө аж ахуй, хариуцлагатай аялал жуулчлал, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих туршлагыг танилцуулж, харилцан туршлага солилцов. Түүнчлэн залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг онцлон тэмдэглэсэн байна.
Хурлын үр дүнд Уулын Түншлэлийн 2026-2030 оны харилцаа, сурталчилгааны стратегийг баталж, удирдах хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгожээ. Мөн уулын бүс нутгийн тогтвортой байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилт, бодлогын дэмжлэгийг өргөжүүлэх талаар нэгдсэн байр суурьт хүрсэн байна.
Энэхүү хурал нь уулын бүс нутгийн хөгжлийн асуудлыг олон улсын бодлогын түвшинд дахин тодотгож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал арга хэмжээ боллоо.
Монгол Улсын хувьд уг хуралд оролцсон нь уулын бүс нутгийн хөгжлийг дэмжих, олон улсын туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг боловсронгуй болгоход ач холбогдолтой гэж үзэж байна.
| Уулын Түншлэлийн 7 дахь Дэлхийн хурал болж, Монгол Улс туршлагаа танилцууллаа | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.