БНХАУ-ын Ляонин мужийн шүүх 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Тан Руйсонгт авлигын хэргээр цаазаар авах ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тан Руйсонг нь Хятадын цэргийн нисэх онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацийг удирдаж байсан бөгөөд түүнийг хөрөнгө завших, их хэмжээний хахууль авах, албаны нууц мэдээлэл задруулсан хэрэгт буруутай гэж шүүх тогтоожээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Тан Руйсонг сансар, батлан хамгаалахын салбарт 30 гаруй жил ажиллах хугацаандаа 700 сая гаруй юань буюу ойролцоогоор 100 гаруй сая ам.доллартой тэнцэх хэмжээний хууль бус орлого олсон байна. Түүнчлэн шүүхээс түүний төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, бүх хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ. Тан Руйсонг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа мэдэгдсэн талаар мэдээлсэн байна.
Түүнийг 2025 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Коммунист намаас хөөсөн бөгөөд тухайн үед Хятадын авлигатай тэмцэх байгууллагаас түүнийг албан тушаалаа ашиглан их хэмжээний хахууль авсан гэж мэдэгдэж байв.
Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний эхлүүлсэн цэрэг-аж үйлдвэрийн салбар дахь авлигын эсрэг өргөн хүрээний цэвэрлэгээний нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын батлан хамгаалах болон сансар, цөмийн салбарын өндөр албан тушаалтнуудыг шалгаж, огцруулах ажиллагаа эрчимжжээ.
Энэ оны хоёрдугаар сард батлан хамгаалах салбартай холбоотой гурван хууль тогтоогчийг парламент дахь албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн Тан Руйсонгийн залгамжлагч Жөү Шиньмин, цөмийн зэвсгийн судлаач Лю Цанли, Хятадын Үндэсний цөмийн корпорацийн ерөнхий инженер Ло Ци нарыг албан тушаалаас нь огцруулсан талаар мэдээлжээ.
Ийнхүү Хятадын эрх баригчид батлан хамгаалах болон цэрэг-аж үйлдвэрийн салбарт олон жил үргэлжилсэн авлигыг таслан зогсоох зорилгоор дээд түвшний албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
| БНХАУ: Агаар сансрын салбарын удирдах албан тушаалтанд цаазаар авах ял оноолоо | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.