Шууд Chart

Засгийн газар 13 яамтай ажиллах бүтцийг баталлаа

2014-10-08 08:55:16

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан.

Үүний дагуу өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийг цааш хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн бол өчигдөр өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин үдээс хойш 16:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мөн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан.
 
Нэгэнт яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн учраас өчигдөр үдээс хойших чуулганы хуралдаан 18:00 цагийн орчимд дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн Засгийн газрын бүтцийн асуудлыг өдөртөө багтаан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн учир оройн 19:30 минутаас чуулган цаг сунган хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Эцсийн хэлэлцүүлгийг хийх чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан.
 
Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Уул уурхай, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүнд үйлдвэрийн асуудлыг нэмж хамааруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж эдгээр хууль тогтоомжийн хэрэгжих хугацааг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
 
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний олонх нь дэмжлээ.
 
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдсан юм.
 
Ерөнхий сайдын өргөн барьснаар Засгийн газар 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар болж байгаа юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газар 13 яамтай ажиллах бүтцийг баталлаа  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-10-08 10:55
Дээд шатанд орон тоо нэмэгдэх бүр доод шатанд орон хэд дахин нэмэгдэж байна.Жн: Аймагт халамжийн хэлтэс 10 гариухан хүнтэй ажиллаж байсаныг 2 хувааж халамж, хөдөлмөрийн хэлтэс болгоод тус бүр 40-50 хүнтэй болсон шүү дээ.Мөн сум, аймгийн тамгын газар 1 хүний хийж байсан ажлыг 3-4 хүнд тасдан өгч гараа хумхин юу ч мэдэхгүй их зантай, мөн сул өндөр цалин цалин авсан хүмүүс бий болгосоноо яах гэж байна даа Алтанхуяг сайдаа?
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-10-08 10:36
13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар болж байгаа юм. Ийм болоод төрийн данхар бүтэц өөрчлөгдөх үү, ???????????????????????????????????????????????
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-10-08 10:34
Алтанхуяг улс орноо аврах биш өөрийгөө хамгаалах шоу хийж АН-ынхан ээлжит тоглолтоо хийх шивдээ. Ард түмэн болон улс оронд ямарч нэмэргүй бүтэц хийлээ. Энэ бол жүжиг байлаа хөөрхийс дээ ийм төртэй ард түмэн минь хэцүү цаг ирлээ дээ

Бидэнтэй нэгдээрэй