Шууд Chart

ӨНӨӨДӨР: Дэлхий даяар инээд, хошигнолын өдөр

2026-04-01 07:31:43

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Дэлхийн олон улс оронд инээд, хошигнол, тоглоомоор баясдаг Инээдмийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ гэмгүй хошигнол хийж, баяр баясгалан түгээхийг зорьдог уламжлалтай.

Инээдмийн өдрийн үүсэл гарал тодорхой бус боловч Европын орнуудаас эхтэй гэж үздэг. Зарим судлаачдын тайлбарласнаар Франц улсад шинэ жилийг дөрөвдүгээр сарын эхээр тэмдэглэдэг уламжлал байсан бөгөөд хожим шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх шийдвэр гарснаар хуучин заншлаа баримталсан хүмүүсийг тоглоомоор хуурч, хошигнодог болсон нь Инээдмийн өдрийн эхлэл болсон гэж үздэг.

Мөн 17 дугаар зууны үеэс Европт хүмүүс нэгнээ хуурч, тоглоом хийх уламжлал дэлгэрч, улмаар энэ заншил дэлхий даяар тархсан байна. Өнөөдөр олон улс оронд энэ өдрийг хөгжилтэй мэдээлэл тараах, найз нөхдөө гэмгүйгээр хуурах, хошин урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэргээр тэмдэглэдэг.

Түүхэнд дөрөвдүгээр сарын 1-ний өдөртэй холбоотой сонирхолтой жишээнүүд ч бий. Америкт нэгэн сонин судлаач дурангийн тусламжтай сар дээр амьтан, ургамал олж харсан тухай мэдээлэл нийтэлсэн нь хожим дөрөвдүгээр сарын 1-ний хошигнол байсан нь илэрч байжээ. Мөн Монгол Улсад “Монголын залуучууд” сонинд “Монголд анх удаа алмас барилаа” гэх нийтлэл гарч, олон нийтийн анхаарлыг татсан ч эцэст нь Инээдмийн өдрийн хошигнол байсан нь тодорхой болсон түүх бий.

Зарим оронд энэ өдрийг “молиго үмхэх өдөр”, “хуурдаг өдөр” гэх зэргээр нэрлэдэг. Хүмүүс энэ өдөр хошигнол гэдгийг мэдсээр байж хууртагдах нь элбэг байдаг нь ч Инээдмийн өдрийн нэг онцлог юм.

Судлаачдын үзэж буйгаар инээх нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Инээх үед хүний биед аз жаргалын даавар ялгарч, стресс буурч, сэтгэл санаа тайвширдаг. Мөн дархлаа сайжрах, цусны эргэлт нэмэгдэх, хүмүүсийн харилцаа ойртох зэрэг олон давуу талтай гэж үздэг.

Иймээс Инээдмийн өдөр нь зөвхөн хошигнолын өдөр бус, эерэг уур амьсгал түгээх, баяр баясгалангаар амьдрахыг сануулах өдөр юм. Харин хошигнол хийхдээ бусдын нэр хүнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхгүй, гэмгүй, эелдэг байдлаар тэмдэглэх нь чухал гэж үздэг.

Дөрөвдүгээр сарын 1 бол хүмүүсийг инээж баясахыг уриалсан, амьдралд эерэг өнгө нэмэх хөгжилтэй өдөр юм.

Инээцгээ хүмүүсээ, инээгээрэй.


ӨНӨӨДӨР: Дэлхий даяар инээд, хошигнолын өдөр  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй