Өнөөдөр дэлхий даяар Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны шийдвэрээр НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих арга хэмжээ авахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан 2008 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ.
Энэ өдөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарахыг дэлхий нийтэд уриалдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий даяар 100 хүүхэд тутмын нэг нь аутизмын хүрээний онцлогтой төрдөг гэж үздэг бөгөөд хөвгүүдэд охидоос ойролцоогоор дөрөв дахин илүү тохиолддог байна. Аутизмын шинж тэмдэг ихэвчлэн бага насанд илэрдэг бөгөөд эрт илрүүлж, зөв дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж судлаачид үздэг.
Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадварт хүндрэл үүсэх, аливаа өөрчлөлтөд мэдрэмтгий байх, давтагдмал зан үйл илрэх зэрэг шинжээр илэрдэг мэдрэлийн хөгжлийн онцлог юм. Мөн хэл ярианы хөгжлийн хоцрогдол, нийгэмшихүйн хүндрэл, баригдмал сэтгэлгээ зэрэг бэрхшээл илэрч болох бөгөөд эдгээр нь хүн бүрд харилцан адилгүй байдаг.
Манай улс ч мөн энэ өдрийг тохиолдуулан аутизмыг таниулах аян өрнүүлж, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутнууд, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг.
Энэ өдөр дэлхий даяар “Цэнхэр гэрэл асаая” хөдөлгөөн өрнөдөг уламжлалтай. Үүний хүрээнд дэлхийн олон алдартай барилга байгууламжуудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, аутизмтай хүмүүсийг дэмжих уриалга гаргадаг. Нью-Йорк хотын өндөр барилгууд, Парисын Эйфелийн цамхаг, Сиднейн дуурийн театр зэрэг байгууламжууд цэнхэр өнгөөр гэрэлтэж байсан удаатай.
Мөн хүмүүс цэнхэр хувцас өмсөх, цэнхэр тууз зүүх, сошиал орчинд мэдээлэл түгээх зэрэг арга хэмжээнд оролцож, аутизмтай хүмүүсийг ойлгож дэмжихийг уриалдаг.
Аутизмыг таниулах дэлхийн өдөр нь ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэх, хүн бүрт тэгш боломж олгох, аутизмтай иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийг сануулсан чухал өдөр юм.
| “Цэнхэр гэрэл асаая” | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.