Шууд Chart

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна

2026-04-02 14:13:19

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн урт хугацааны тогтвортой, үр ашигтай бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны менежмент, санхүүгийн механизмыг тодорхой болгох зорилгоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах “Мастер төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичгийг боловсруулсан.

Энэ хүрээнд хог хаягдлын чиглэлээр ажилладаг захиргааны байгууллагууд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд, ААН, иргэд, төрийн бус байгууллага болон тээвэрлэгч байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Мастер төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдалд бүрэн дүн шинжилгээ хийж, хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсон юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой.

  • Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн системийг өөрчлөн бохирдуулагч нь хаягдлыг үүсгэсэн хэмжээгээр төлбөр төлөх зарчмаар цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн дэмжлэг, татаасыг бууруулан чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх,
  • Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилсан, үүсгэж байгаа хаягдлаа бууруулсан иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлэх,
  • Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хувийн оролцоог нэмэгдүүлэх,
  • Чөлөөт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх,
  • Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйл ажиллагааг дэмжих,
  • Хууль, эрх зүйн орчныг сайжруулан төвлөрсөн цэг, ландфиллд булшлан устгаж байгаа хог хаягдлын хэмжээг эрс бууруулан хог хаягдлаас үүсдэг хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах юм.

Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн ам ойролцоогоор 17-19 хувиар өссөн. Жилээс жилд хүн ам өсөж үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ, нэр төрөл нэмэгдсээр байна. Нийслэлд 2025 оны байдлаар төвлөрсөн цэгт нийт 2,057,886.0 тонн хог хаягдал хүлээн авч, дарж булшлах аргаар устгажээ.


Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй