Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас хяналтын камерыг ашиглан гудамж, замын хяналт шалгалтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны хооронд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1785 хүнд холбогдох арга хэмжээ авчээ.
Мөн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2574 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүлсэн байна.
Иргэн нь тээврийн хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэхээс гадна тухайн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг байна.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж оногдуулсан торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах болон тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хийх эрхийг хязгаарлах зохицуулалт үйлчилдэг. Мөн торгуулийг барагдуулах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд тусгай талбайд хүргэх арга хэмжээ авдаг байна.
Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа хугацаанд нь төлж байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
| Татвар төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, нөхөн төлүүлжээ | ||
| Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.