“Авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хөдөлгөөний ачааллыг бууруулан, тээврийн хэрэгслийн зорчих хугацааг богиносгох зорилгоор “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөж, газар чөлөөлөлт болон гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, мөн барилга угсралтын ажлуудыг үе шаттай хийж байна.
Тухайлбал, Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 м урттай явган хүний гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд асфальт бетон хучилтыг хуулж, шон суурийн ажлыг эхлэх гэж байна. Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино хэмээн тооцоолсон. Гүүрэн гарцыг 2025 оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байна.
Түүнчлэн Таван шарын нүхэн гарцын барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, ногоон байгууламж, борооны ус зайлуулах системийн ажил болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж дууссан. Жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам, явган болон дугуйн зам, туннелийн иж бүрэн гэрэлтүүлгийг суурилуулсан. Одоогоор нийт 2900 метр урттай авто замын гэрэлтүүлгийн кабелийг татаж, ашиглалтад оруулсан нь шөнийн цагт үүсэх “сохор бүс”-ийг арилгаж, осол гарах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар тус байршлын их биеийн бүтээцийг бүрэн суурилуулж, харин инженерийн шугам сүлжээний ажлыг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байна. Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөнд 5.5 хувь, Эрчим хүчний гудамжинд 14.2 хувь, Сонсголонгийн гудамжинд 7.9 хувь, Ажилчны гүүр орчимд 19 хувиар замын түгжрэл буурах тооцоолол гарчээ. Ингэснээр тухайн бүсийн замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, урсгалын нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 21 хувьтай байна. Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан. Үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Төслийг хэрэгжүүлснээр гол гудамж, замыг туслах замын сүлжээтэй холбож, авто замын огтлолцлын зөрчлийг бууруулан, хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, сүлжээний ачааллыг оновчтой хуваарилна. Үүний үр дүнд саатал буурч, дундаж хурд нэмэгдэн, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.
| Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах явган хүний гүүрэн байгууламжийг хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.