Шууд Chart

Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ

2026-04-17 15:00:22

2025 ОНЫ УРГАЦААС 977 ТАРИАЛАНЧДАД 17.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОВ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор гурилын үйлдвэр болон "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-д нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 80.0 мянган төгрөг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан хүнсний ногооны 1 тонн тутамд 100.0 мянган төгрөгөөр тус тус тооцон мөнгөн урамшууллыг олгож байна.

2026 оны 3 дугаар сарын байдлаар 2025 оны ургацаас давхардсан тоогоор нийт 977 тариаланчидад 17.1 тэрбум төгрөг урамшуулал олгосон байна. Ангилбал үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 405 тариаланчийн стандартын шаардлага хангасан 154.6 мянган тонн хүнсний улаанбуудайд 12.3 тэрбум төгрөг, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 572 иргэн, аж ахуйн нэгжид зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан 4.8 мянган тонн хүнсний ногоонд 4.8 тэрбум төгрөгийг урамшууллыг олгоод байна.

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЯВЦАД ЗӨРЧИЛ ГАРЧ БАЙНА: ЮУНД АНХААРАХ ВЭ?

Урамшуулал олгох явцад урамшууллын хүсэлт илгээх явцад дараах зөрчлүүд гарч байна. Үүнд:

  • Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнийг зах зээлийн бодит үнээс зөрүүтэй тайлагнах,
  • Гарал үүслийн гэрчилгээг цахим (mofa.gov.mn) системд үүсгэхдээ Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11-д заасан талбайн түүхийг  цахимд хөтлөхгүйгээр үүсгэх,
  • Газар тариалангийн нэгдсэн цахим (mofa.gov.mn) системд ургац хураалтын дүнг стастистикийн мэдээнээс зөрүүтэй өгөх зэрэг зөрчлүүд ихээр гарч байна.

Дээрх зөрчлүүд илэрсэн тохиолдолд журмын дагуу мөнгөн урамшуулал олгохоос татгалзах, хяналтын байгууллага шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг ажлууд хийгдэж байна.

Иймд бид тариаланчдыг дээрх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор  газар тариалангийн нэгдсэн цахим (plant.mofa.gov.mn) системд анхааруулгыг байршуулан ажиллаж байна.

Иймд тариалан эрхлэгчид хууль, журамд заасны дагуу урамшуулалд хамрагдах шаардлагаа бүрэн хангаж, цахим гарал үүслийн гэрчилгээ, татварын цахим төлбөрийн баримт (И баримт)-ыг үнэн зөв бодитоор тайлагнаж урамшуулалд хамрагдна уу.

Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журамтай дараах линкээр танилцна уу.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530825212161&showType=1

ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙ, ХҮНСНИЙ НОГООНЫ УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд тариаланчийн үйлдвэрлэсэн хүнсний улаанбуудай болон зарим нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгож байна.

Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
  2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
  3. Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;

Дээрх журмын шаардлагыг хангасан тариаланчид сарын бүрийн 10-ны дотор мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар (plant.mofa.gov.mn) илгээнэ.

Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тариалан эрхлэгчээс мөнгөн урамшуулалд хамрагдахаар ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн дараа сарын 25-ны дотор шийдвэрлэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй