Экологийн цагдаагийн албанаас энэ оны гуравдугаар сард нэр бүхий этгээдүүд нь бүлэг зохион байгуулалтад орж, Хэнтий аймгийн Батширээт суманд байрлах Байгалийн цогцолборт газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал “алт” олборлон мөн алт боловсруулах үйл ажиллагаандаа ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамаарах “Мөнгөн ус”-ыг үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар 915 грамм мөнгөн усыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй, харин хэлбэрээ өөрчилж хорт чанар нь түүнийгээ дагаж өөрчлөгддөг онцгой хортой бодис юм. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон эхийн сүүгээр дамжин нярай хүүхдийг хордуулж, хараа сонсголын бэрхшээлтэй, оюун ухааны хомсдол, саажилтай болгодог онцгой аюултай.
Хууль тогтоомжууд
- Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад хориглосон, хязгаарласан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын хоёрдугаар хавсралт”-ын 6 дугаарт багтсан байдаг.
- Монгол Улс нь мөнгөн усны тухай “Минамата”-ийн конвенцод 2015 онд нэгдэн орж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
- Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”,
- Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
| Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ | ||
| Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.