ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дундговь аймгийн Сайнцагаан сумын газар тариалан эрхлэгч С.Амарбаясгалангийн хүлэмжийн аж ахуйтай танилцав. Тэрбээр Өмнөговийн Булган сумын улаан лооль орон даяар хэдийнэ танигдсан шиг Дундговийн өргөст хэмх айл бүрийн зоогийн ширээн дээр тавигдаж, орон даяар танигдсан брэнд болгохыг зорьжээ. Салбарын сайдын хувьд хүнсний аюулгүй байдлыг чухалчилж үзэж, хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд малаа эрүүлжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа шигээ газар тариалангийн салбарт усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуйг дэмжих бодлого баримталж буй.

С.Амарбаясгалангийн хүлэмжийн аж ахуй хувь хүн өөрийн хөрөнгө оруулалт, санаачилга, хөдөлмөр, зүтгэлээр босгосон бүтээн байгуулалтын тод жишээ ажээ.
Уг хүлэмжийн аж ахуйг үзэж сонирхож байхдаа Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт дээр яригдсан нэг зүйл санаанд орлоо. “Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын сөрөг нөлөөллөөс гадна эерэг талыг нь ашиглах боломжтой. Тухайлбал, Монгол орны дөрвөн улирлын дулааны баланс нэмэгдэж, хүйтэн өдрүүдийн тоо цөөрнө гэдэг жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж олгож байна” хэмээн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ илтгэлдээ дурдаж байсан юм.
Говь нутагт хавар эрт дулаарч, намар орой хангайд аль хэдийнэ цас уначихсан байхад зунаараа шахуу налайж байдаг онцлогтой. Дулааны улирал ийн урт хугацаанд үргэлжлэх нь хүлэмжийн аж ахуйд, ер нь газар тариалан эрхлэгчдэд таатай нөхцөл, боломж. С.Амарбаясгалангийн хүлэмжийн бичил аж ахуй энэ нь давуу талыг ашигласан гэлтэй. Тэрбээр төмөр замын машинист мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10-аад жил ажиллаж байгаад БНСУ-г зорьжээ. Тэнд олон янзын ажил, хөдөлмөр эрхэлж байснаас хүлэмжийн аж ахуй түүнд маш таалагдсан аж.
Ингээд 2023 онд орон нутагтаа ирж өөрийн хөрөнгө оруулалтаар 250 сая төгрөгийн өртөгтэй хүлэмжийн аж ахуйгаа байгуулжээ. Эдний аж ахуй нийт 1120 ам метр талбай бүхий дөрвөн хүлэмжтэй. Жилд хоёр удаа ургац авч, аймгийнхнаа шинэ, эрүүл хүнсний ногоогоор хангаад зогсохгүй илүү гарсныг нь Улаанбаатар хотод борлуулдаг болсон байна.
Эхний жил хүлэмжиндээ байцаа тарьсан аж. Дараа жил нь өргөст хэмх тарьжээ. Гэтэл хүмүүс байцаагаа тарьсан уу, хэзээ худалдаанд гарах вэ гэж асууж, сураглаад байсан хэмээн С.Амарбаясгалан өгүүлсэн. Байцааны нэг удаагийн хураалтаар 21 тонн ургац авсан бол шинэ өргөс хэмхийг хоёр хоногт нэг удаа хурааж, нэг удаагийн хураалтаар 400-600 кг өргөст хэмх хурааж, зах зээлд нийлүүлж байна. Тэрбээр хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлэх зорилго өвөртөлж, нэмж дөрвөн га газар эзэмших хүсэлтээ аймгийнхаа холбогдох байгууллагад гаргаад байгаагаа ярьж байв. Ийнхүү хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлснээр нийслэл хот болон ойрын аймаг, сумдын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Дундговь аймаг нийслэл хотоос 270 км зайтай, хамгийн том зах зээлдээ ойр зэрэг давуу талыг тэр тооцжээ.
| Мандалговийн өргөст хэмхийг улсдаа танигдсан брэнд болгоно | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.