Шууд Chart

Алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож, сургалт, мэдээлэл хийлээ

2026-05-19 17:22:15

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлэн байдал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургалт бэлтгэл, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын багаж хэрэгсэлтэй танилцлаа.

Хурандаа Ц.Уранчимэг алба хаагчидтай уулзах үеэрээ дэлхий дахинд тохиолдож байгаа гамшиг, аюулт үзэгдлийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн өсөлт, Монгол Улсад сүүлийн жилүүдэд тохиолдсон гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар төрийн албаны ёс зүй, байгууллагын соёл, сахилга хариуцлага, иргэдтэй харилцах харилцаа, цахим орчин дахь ёс зүйн хэм хэмжээний талаар алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.

Дундговь аймаг нь 15 сумын 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд нутаг дэвсгэрийн онцлогоороо говь, хээрийн бүсэд оршдог.

Хуурайшилт, хүчтэй салхи, аянга цахилгаан, цасан болон шороон шуурганы давтамж өндөр байдаг нь гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг онцлогтой.

Аймгийн хэмжээнд өнгөрөгч 2025 онд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын газрын алба хаагчид 26 иргэний амь нас, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

 


Алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож, сургалт, мэдээлэл хийлээ  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй