Шууд Chart

Монгол Улсын төлөөлөгчид дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна

2026-05-20 12:10:38

“Дэлхийн эрүүл мэндийг шинэчлэн тодорхойлох нь: Хамтын хариуцлага” сэдвийн дор Женев хотноо 2026 оны 5 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, дижитал эрүүл мэнд, телемедицины үйлчилгээг хөгжүүлэх, ялангуяа хөдөө орон нутаг болон эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тууштай ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн газрын доройтол, усны нөөцийн хомсдол, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлын алдагдал нь хүний эрүүл мэндэд шууд, дам нөлөө үзүүлж, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүн амын амьжиргаа, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэв. Иймд тогтвортой газар ашиглалт, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь хүний эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчныг хамгаалах төдийгүй тогтвортой хөгжлийг хангах стратегийн чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, дэлхий эдгээр нийтлэг сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах хүрээнд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг энэ оны 8 дугаар сард зохион байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв.

Энэ удаагийн чуулганаар гишүүн улсууд дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог цар тахлын дараах нөхцөлд бэхжүүлэх, шинэчлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, халдварт бус өвчин, бичил биетний тэсвэржилт, уур амьсгалын өөрчлөлт болон хиймэл оюун ухааны эрүүл мэндийн салбар дахь зохицуулалт, ДЭМБ-ын санхүүжилт, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаарх бодлогын баримт бичгүүдийг батлахад төвлөрч байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монгол Улсын төлөөлөгчид дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй