Шууд Chart

"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа

2026-05-29 09:04:33

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2026 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дэлхийн дээд хэмжээний форумд оролцлоо.

НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан тус форумд 40 гаруй улсын Шадар сайд, сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид, 30 орчим олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 250 гаруй төлөөлөгч оролцов.

“Ядуурлыг бууруулахын төлөө дэлхийн хамтын хүчин чармайлтыг нэгтгэе” уриан дор болсон форумын үеэр ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, хөдөө аж ахуй болон орон нутгийн сэргэлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлээр өргөн хүрээтэй яриа хэлэлцээ өрнүүлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ болон олон улсын өндөр түвшний төлөөлөгчдийн оролцоотой зохион байгуулагдсан энэхүү форум нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр улс орнуудын харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын нэр хүндтэй яриа хэлэлцээний талбар болж байгаагаараа онцлог байв.

Сайд Т.Аубакир форумын нэгдсэн хуралдаанд үг хэлж, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт, тулгамдаж буй сорилтын талаар байр сууриа илэрхийлж, оролцогч талуудтай санал, туршлага солилцлоо.

Мөн тэрбээр “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дэлхийн санаачлагыг олон улсын түвшинд хэрэгжүүлэх Хорооны анхдугаар хуралдаанд үүсгэн байгуулагч гишүүн улсын төлөөлөгчийн хувиар оролцож, улс орнууд бүс нутгийн хэмжээнд ядуурлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг даван туулах, шинэ сорилтуудын хүрээнд хамтарсан санаачилга, бодлогын шийдэл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Форумын хоёр дахь өдөр төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газраас орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн оролцоонд тулгуурлан ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, сайн туршлагатай газар дээр нь танилцаж, Пэнгү болон Шаньяан дүүрэгт ажиллалаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй