Шууд Chart

Мөрдөгчид 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

2026-05-29 11:21:22

Авлигатай тэмцэх газар “...нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.

Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:

  • Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.
  • Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаруулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
  • Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
  • Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
  • Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татсан, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ. 


Мөрдөгчид 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй